Эрт урьдын цагт гэж эхлээд хүний санаанд оромгүй сонин сайхныг өгүүлж, ухаарал, энэрэл бэлэглээд амар сайхан жаргадаг үлгэрт дургүй хүүхэд гэж үгүй биз ээ. Үлгэрээс сурах, авах зүйл их байдаг учраас энэ жил Монгол Улсын Хүүхэлдэйн театр, “Өлзий” телевиз хамтран “Үлгэрч өвөө, эмээ” шалгаруулах улсын уралдаан зохион байгууллаа. Өнгөрсөн сарын 22-нд өндөрлөсөн эл уралдааны гран при шагналыг хүртэн, өдгөө Улаан-Үд хотноо аялж, амарч байгаа хүн бол Ц.Донжид гуай. Түүнийг шагналынхаа аялалд явахаас хэдхэн хоногийн өмнө уулзаж ярилцсанаа хүргэе.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул тэрбээр хоёр ч ном эмхтгэн уншигчдын хүртээл болгосон зохиолч, яруу найрагч юм. Эзэмшсэн мэргэжил нь хүний бага эмч. Аймаг, сумын эмнэлэгт ажиллан бяцхан үрсийг эх барьж, бэртэж гэмтсэнийг нь анагааж явсан тэрбээр өдгөө хүүхэд багачуудыг ухаарлаар тэтгэдэг үлгэр ярьдаг өвөө болжээ.
-Танд баяр хүргэе ээ. Тэр олон хүнээс тодорч, үлгэрч өвөө болсон байна шүү дээ.
-“Зүүдэлсэнгүй явлаа даа” гэдэг дуу шиг л юм боллоо. Тэр олон мундаг хүмүүс дундаас тодорч гарна гэж бодсонгүй шүү. Дээр үед МЗЭ-ийн дэргэд байгуулагдсан Ардын үлгэрийн танхимд идэр насныхаа дөрвөн жилийг тэнд өнгөрүүлсний минь л үр дүн байх даа. Гурван үе шаттайгаар сар гаруй үргэлжилсэн уралдаанд түрүүлчихлээ.
-Гурван шатанд нийтдээ хэдэн үлгэр ярив?
-Даваа бүрт хоёр үлгэр бэлдэж, нэгийг нь ярьсан даа. Зургаан үлгэрийн гурвыг нь ярилаа. Эхний шатанд “Алтан тогос хүүгийн үлгэр”, хоёрын даваанд “Тэргэлуу баатрын үлгэр”, тавдугаар сарын 22-ны ням гаригт болсон гуравдугаар шатны уралдаанд “Хар хөхөл баатрын үлгэр”-ээр оролцлоо.
-Энэ тэмцээний тухай анх хаанаас олж мэдсэн бэ?
-Би хараа муутай. Хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн. Тэндхийн танил найз нар маань анх надад хэлсэн юм. Гэртээ ирээд охиноосоо асуутал “Зурагтаар нэг тиймэрхүү зар яваад байсан. Уралдаан байсан юм уу” гэдэг байгаа. “Аав чинь үлгэр яриад л явдаг биз дээ, хэлэхгүй дээ” гэчихээд орой нь анаж байгаад зарлалыг нь харлаа. Дөрөвдүгээр сарын 1-нээр бүртгэлээ тасалбар болгоно гэчихэж. Амралтын өдөр таараад тэр өдөр ч өнгөрлөө. Тэгсэн охин маань “Та юу ч гэсэн очоод үз л дээ” гэхээр нь Хүүхэлдэйн театр дээр очтол “Та үлгэр ярихаар явна уу, өвөө” гээд намайг бүртгээд авсан шүү дээ. Тэгж бүртгүүлчихээд Хараагүйчүүдийн үндэсний төвийн цоглог, сэргэлэн хэдэн найздаа бас хэл дуулгаж, нэгнээ дэмжээд хамт оролцъё гэж уриалсан. Тэд маань ч үлгэрийн ном олж уншаад хэрэндээ бэлтгэсэн.
Манай бэрийн найз Булган гэж охин надад зөвлөгөө өгч, хоёр ч өдөр бэлтгүүлсэн шүү. Нөхөртэйгээ хоёулаа жүжигчин мэргэжилтэй юм билээ. Сайн давтсан болохоор нэгийн даваагаар дажгүй гараад, хоёрдугаар шатандаа шүүгч нараас овоо магтаал сонссон. Хариугаа сонсох өдөр нь очиж чадаагүй юм, тэгээд нэг хэсэг чимээгүй болчихоор нь хамаг хувцсаа далд хийчихээд байтал Хүүхэлдэйн театрын менежер Батчимэг утсаар ярьж, хоёр үлгэрээ бэлтгээд дараагийн шатанд орох ёстойг сануулсан. Их шахуу хугацаанд уралдаан болсон шүү дээ. Эхэндээ 3-5 минутад үлгэр ярих ёстой гэж байсан бол ярьж, санал болгосны үр дүнд энэ хугацааг найман минут болгож сунгасан. Тийм хурдан дуусчихдаг, богино үлгэр ховор шүү дээ, ярьсан ч болохгүй.
-Та ардын үлгэрийн танхимд хэдэн настайдаа ажиллаж байсан бэ?
-1974-1977 он дуустал ажиллаад хүний эмч мэргэжил эзэмшихээр сургуульд орсон доо. Тэнд ажиллаж байхдаа бүх аймаг, сум, бригад, хилийн застав, тэр ч бүү хэл шоронд ч очиж тоглолтод орж байлаа. 30 гаруйхан настай байсан, тэр үед.
-Таны насныхны бага насны дурсамжид үлгэр, хууч яриа, домог чухал байр суурь эзэлдэг байх. Одоогийн хүүхдүүд бол гар утас, олон нийтийн сүлжээ, зурагт үзээд үлгэр сонсох нь ховордож дээ.
-3-4-хөн настайгаасаа л үлгэр сонсож, домог түүхийн жимээр аялж байсан даа. Манай нутаг гэлтгүй Монгол орон даяар л тийм байсан. Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын хүн. Манай нутгийн буурлууд “Үлгэрийн далай”-гаас эхлээд олон ном, судар уншиж, багачуудад ярьж өгдөг байсан. Миний хөгшин ижий зүйр цэцэн үг, оньсого таавар хэлж, үлгэр ярьдаг цоглог хүн байлаа. Ах Гончигжав маань гурван орны хэл мэддэг, Дэлгэрийн чойрт 35 нас хүртлээ шавилан суусан эрдэмтэй хүн. Хэлмэгдүүлэлт болохыг тааж мэдээд хөдөө гарч, дараа нь эмч болсон юм. Гончигжав ах маань “Шидэт хүүрийн үлгэр”, “32 модон хүний үлгэр”, “Гэсэрийн тууж” гээд үлгэр туульс их ярина. Манай сумын Зана гэж нэг мундаг хүн 40 гаруй хоног аянд явахдаа нэг үлгэрээ давтахгүйгээр өдөр бүр үлгэр ярьдаг байсан гэдэг. Ардын үлгэрийн танхимын Жанцанчоо тэр хүнээс нэг богинохон үлгэр бичин авч хадгалсан байдаг. Ийм гайхамшигтай сайхан хүмүүсээс их зүйл сонсож, тэмдэглэж аваагүй нь тоогүй.
Сүүлийн үеийн залуус ардын аман зохиолоо ойшоохгүй байна л даа. Тэгэхэд Ц.Хулан захирал, Ардын уран зохиолч Т.Галсан гуай санаачлан ийм сайхан төсөл хэрэгжүүлсэнд баяртай байна.
-Та хэр олон үлгэр мэдэх вэ?
-100-гаад үлгэр бий байх. Зөвхөн үлгэр ярихгүй. Ерөөл, магтаал хэлнэ. “Сэцэн хааны унага” яруу найргийн номоо хэдэн жилийн өмнө хэвлүүлсэн. Тэрний өмнө “Элдэв хууч, домог яриа” номыг хэвлүүлсэн нь уншигчдын анхаарал татаж, дэлгүүрт аваачихаар л дуусчихдаг болсон. Дараагийн номынхоо эхийг бэлтгэчихээд, хэвлүүлэх мөнгө хүрэхгүй азнаж сууна.
-“Элдэв домог, хууч яриа” ном их сонирхолтой шүү.
-Халхын 18 аймаг сумаар аялан, тоглож явсан тэр жилүүдэд нутаг нутгийн уул усны домгийг хүнээр яриулж, харилцан ярилцаж явснаа олон жил толгойдоо хадгалж байгаад буулгасан даа. Аймаг хошууны нэрнээс эхлээд мэдлэг дутаж, түүхч, эрдэмтэдтэй уулзаж, номын сан, архивт сууж байж их ажил болж хийсэн эд. Түүхгүй газар гэж байхгүй шүү дээ.
-Хараа тань их муудчихсан хэдий ч ном бичиж байгаагаар тань бахархаж байна шүү.
-Эмчээр ажиллаж байгаад хараа муудаж, тэтгэмж авдаг болсон. Тэгээд Төв аймагт шилжин суурьшиж хэсэг байгаад удалгүй хотод орж ирсэн. Хөдөө морин дэл дээр, эсвэл мотоцикль унаад агаар салхинд явдаг байсан хүн ийм суурин, бүгшмэл газарт орж ирээд хэцүүддэг юм билээ. Танил найз нөхөд ч байхгүй. Тэгээд зүгээр сууж болохгүй гээд л номоо бичсэн дээ. Миний ах тийм их эрдэм номтой хүн байсан болохоор түүнээс сонсож үлдсэн зүйл багагүй л дээ. Тэр болгоныг ах минь өөртэйгээ аваад одсон шиг би ч бас тэгж болохгүй шүү дээ. Анхны номоо хэвлүүлэхэд Хараагүйчүүдийн үндэсний төвийнхөн дэмжиж, тусалсан. Дараагийн номоо тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө хэвлүүлсэн.
Миний хэдэн хүүхэд одоо л аж амьдралаа төвхнүүлэх гэж ядаж яваа болохоор надад ном хэвлүүлэх мөнгө илүүчилж чадахгүй шүү дээ. Уг нь элдэв домог, хууч яриа бас ерөөл, магтаал эмхтгэж, зургаан бүлэгтэй ном болгочихоод л хэвлүүлж чадахгүй яваа юм.
-Хөдөө эмч хийж байхдаа хэдэн хүүхэд эх барьсан бэ?
-20 гаруй хүүхэд бий байх. Жирэмсний хордлогод орсон хүнд өвчтөн, тууврын замд бэртсэн хүмүүс эмчилж хүнд нөхцөлд олон жил ажилласан. Аль айхтар өвчнийг хэлэх билээ дээ.
-Таны санаанд тод байдаг, хамгийн эрт сонссон ямар үлгэр байна вэ?
-Эмээ маань айлчин гийчин ирэхээр сайхан хоол ундаар дайлаад олбог засаж үлгэр яриулдаг байлаа. Нар сар гэрэлтсэн том хар гэрт, дэнгийн гэрэлд бөөгнөрч суугаад үлгэр сонсож суусан тэр дурсамж одоо ч тод байдаг юм. Манай нутгийн Сүхбаатар гуай “Их, бага алим” гэж үлгэр ярьсан нь санаанаас гардаггүй. 80 гаруй настай хүн одоо ч эх нутагтаа энх тунх аж төрж байгаа. Өөрөөс нь тэр үлгэрийг асуухад мартчихсан байна лээ.
Алтан цээжтэй мөнгөн бөгстэй нэг гүү унагалах бүрт л унага нь алга болчихоод байдаг юм. Гэтэл түүнийг нь тэнгэрийн хангарьд шувуу аваад явдаг байсан байж таардаг.
Манай нутагт авьяаслаг олон ерөөлч, магтаалч, тэр ч бүү хэл илбэчин ч байсан. Айлын жигнэж байгаа буузыг гараагүй байхад нь л гэртээ ороод идчихдэг, дэггүйтсэн хүүхдийг архины шилэнд хийчихээд сууж байхыг нь харсан хүүхдүүд ч бий. Хүний санаанд оромгүй хэрнээ л нүд хуурах ямар нэг арга байдаг байж. Ёндоншарав гээд тэр мундаг илбэчний тухай манай нутгийнхан мэднэ дээ. Тэгж дэггүйтэж явсан хүүхдүүд нь ч идэр залуус болсон байгаа.
-Тууль хайлдаг уу, Та?
-Туульс уншиж үзээгүй ээ. Хууртай байхдаа аялгуулан үлгэр ярьдаг байлаа.
-Таны ярьдаг үлгэрээс хамгийн урт нь аль вэ?
-“Хар хөхөл баатрын үлгэр” бүтнээрээ гурван цаг үргэлжилдэг. Би уралдаанд оролцохдоо эхнээс нь жаахныг л ярьсан юм.