Улсын нөөцийн газар байгуулагдсаны 50 жилийн ой өнөө жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан, Улсын нөөцийн газрын анхны дарга Ц.Өөлдтэй уулзаж, ярилцлаа. Зах зээлийн хүнд хэцүү цагт Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, хөдөө аж ахуйн ухааны доктор цолтой энэ хүний үг өнөөгийн нийгэмд алтнаас ч үнэтэй байх биз ээ.
-Монголчуудын ходоод хоосон, улсын данс улайсан, дэлгүүр хоршооны лангуу бараагүй байсан хүнд хэцүү цагт та Улсын нөөцийн газрын анхны даргаар томилогджээ. Юу ч байгаагүй тэр цагт яаж нөөц бүрдүүлсэн хэрэг вэ?
-1990-1992 он бол картын бараанд орчихсон, хүмүүс маханд оочирлосон, сүү байхгүй, гурил, элсэн чихрийг картаар өгдөг байсан цаг. 1996 оны наймдугаар сард М.Энхсайханы Засгийн газар анхны хурлаараа Улсын нөөцийн газрын даргаар намайг томилсон. “Ардчилсан нам ялчихаад байхад МАХН-ын, дарга шахуу хүнийг агентлагийн даргаар тавилаа” гэж М.Энхсайхан шүүмжлэгдэж байлаа. М.Энхсайхан “Өөлд гуай шударга хүн. Ажлаа ч мэднэ. Улсын нөөцийн газрыг энэ хүн л босгохгүй бол өөр чадах хүн байхгүй” гэж намайг магтсан. Тийм ч учраас би Улсын нөөцийн газрыг айл шиг айл болгоё гэж зүтгэсэн. Тэгээд Батаахүү Сорогдорж хоёрыг Үйлдвэр, худалдааны яамнаас авсан. Ажлаа мэддэг хүн гээд л энэ хоёрыг сонгосон юм. Түүнээс нам энэ тэр гэсэн юм байгаагүй.
Тэд ч их тус болсон. Төвдөө жолоочтойгоо наймуулаа ажилласан. Орон нутгийн салбаруудтайгаа нийлээд 210-аад хүн байсан. Урьд нь улсын нөөц салбарын олон яаманд байсныг нэгтгээд, Улсын нөөцийн газар гэдэг агентлаг байгуулсан юм. Энд тэнд тархай байсан нөөцийг орон тоо, төсөв хэмнэх зорилгоор нэгтгэсэн л дээ.
-Зах зээлийн анхны жилүүдийг монголчууд улсын нөөцийн хүчээр давсан гэдэг. Би тэр үед хүүхэд байсан болохоор нарийн учрыг нь мэдэхгүй юм. Карт тараадаг, дараа нь бараа ирэхээр картаа өгөөд гурил, элсэн чихэр, тос гэж хэмжээтэй юм өгдөг, тэрийг нь ээж бас бидэнд хэмжиж өгдөг байсныг л санаж байна.
-90-ээд оны үед туйлын хүнд, ард түмэн картын бараагаар амьдарч байлаа. Картаар тарааж байсан барааг улсын нөөцөөс гаргаж өгсөн юм шүү дээ. Улс нөөцдөө байсан хамаг юмаа ард иргэддээ картаар тараасан. Улсын нөөц байсны хүчээр тэр хүнд цаг үеийг давсан. Улсын нөөцийн газар Монголын ард түмний өмнө гавьяатай үүрэг гүйцэтгэсэн юм. 1991 онд гэхэд Засгийн газар улсын нөөцтэй холбоотой 38 захирамж гаргажээ. Улсын нөөцөд байсан юмны нэр төрлийг дурдвал барагдахгүй. Вакцин хүртэл нөөцөлж байсан юм шүү дээ. Цэцэг өвчин гарлаа гэхэд эрүүл малаа хамгаалах вакцин улсын нөөцөд бэлэн байлаа. “Биокомбинат”-д үхрийн мялзан, хонь, ямааны годрон, боом, цусан халдварын гээд 11 төрлийн вакцин үйлдвэрлээд нөөцөлж байсан. Мал эмнэлэг эрүүл бол мал эрүүл, мал эрүүл бол хүн эрүүл байна. Малаа эрүүл, Монголын ард түмнийг хүнс хоолтой байлгах гэдэг нь хамгийн чухал хоёр асуудал байдаг юм. Тиймээс “Биокомбинат”-ыг хувьчлаагүй, байнга улсын үйлдвэрийн газар байлгасаар ирсэн.
-Монголчуудыг Улсын нөөцийн газар яах аргагүй тэжээж байсан юм байна.
-Тэжээж байсан юм. Д.Бямбасүрэнгийн Засгийн газар үндсэндээ Улсын нөөцийн газар дээр л тогтож байсан. Хамгийн хэцүү нь байсан даа. Шуудай хүртэл олдохоо байчихсан үе. 1991 онд БНМАУ-ын Засгийн газрын 18 дугаар тогтоол гэж гаргаад, “Мах, сүү, гурил, талх, архи, пиво, ундааны үйлдвэр, тээвэр, борлуулалт зэрэг бүх шатыг хамааруулан Улаанбаатар хотын хүнсний үйлдвэр, тээвэр худалдааны байгууллагуудад онц дэглэм тогтоосугай” гээд л картын бараанд оруулчихсан. Махаа хүртэл улсын нөөцөөс авдаг, бүгдийг картаар олгодог болсон. Сар шинийн баяр тэмдэглэх гурил, элсэн чихэр, хэвийн боовоо хүртэл улсын нөөцөөс гаргаж байлаа. Тавган дээр тавих 10 мянган тонн чихэр хэрэгтэй гээд авч байсан. 10 мянган хадаг авчраад тарааж л байсан.
-Улсын нөөцөд байгаа барааны нэр төрөл, тоо хэмжээ гээд бараг л бүх зүйл нь нууц байдаг юм биш үү?
-Нууц биш. Яагаад гэвэл төр нь ард түмнээ харж үзсэн, өгсөн юм нь энэ. Хатуу, зөөлөн чихэр, үзэм, хадаг хүртэл улсын нөөцөөс гаргаад Цагаан сараар ард түмэнд өгч байсан юм шүү. ЗХУ-ын тусламж зогсчихсон, дэлгүүрт юу ч байхгүй юм чинь өөр яах юм. Гаргачихсан бараагаа би нууц гэж үздэггүй. Ард түмэндээ өгчихсөн, бүгд мэдэж байгаа юмыг юуг нь нууцлах юм. Энэ бол цэргийн зориулалттай зүйл биш. Байгалийн гамшгийн үед хэрэглэх гэж нөөцөлж байгаа юм шүү дээ. Үер болно гэж нуух юм уу. Манай өнөөдрийн нийгэм тийм болчихоод байгаа. Бүгдийг нуудаг. 1980 оны үед дэлхий нийтээрээ цэрэг дайн байдалтай байсан, цөмийн дайн болно гээд. Тэгэхэд нууцалдаг байсан. Одоо бол вакцины хэмжээг нууцлаад яах юм.
-Та нар энэ бүхнийг хаанаас олдог байсан юм бэ?
-Гараад л туучихна даа. Эрээн, Улаан-Үд, Эрхүү ч явдаг байсан. Улаанбаатар хотын орлогч дарга Ганхуяг гэж залуу байлаа. Тэр “Цагаан сарын тавгийн чихэр авчраарай” гээд мөнгө өгөөд явуулж байлаа. Аргаа л барсан хэрэг шүү дээ. Энэ бол бодит амьдрал. Улсад ч мөнгө байхгүй, чихрийн мөнгө яаж олсон юм. Тэр үед чи хоригдол, чи энгийн иргэн гэж бид ялгаж байгаагүй. Хоригдлын хоолонд шар будаа цохож өгчихөөд шүүмжлүүлсэн.
-Улсын нөөцийн газрын дарга их эрх мэдэлтэй биз?
-Улсын төсвийн хөрөнгөөр юу бэлтгэж нөөцлөхийг ерөнхийд нь энэ байгууллага хариуцдаг. Улсын нөөц чинь айхтар нарийн технологитой юм шүү дээ. Гурил гэхэд хоёр жилээс илүү хугацаагаар хадгалж болохгүй. Тиймээс хоёр жил тутамд сэлгэнэ. Өвсийг олон жил өнжөөчихвөл мал идэхгүй. Тиймээс Улсын нөөцийн газрын дарга нийт нөөцийн 20 хувийг улирал тутам өөрөө мэдэж сэлгэх эрх мэдэлтэй байсан юм. Энэ нь бараа таваарын чанарыг муутгахгүй байлгах зорилготой. Их хариуцлагатай байгууллага. Гэхдээ улсын нөөцийг захиран зарцуулах тушаал шийдвэрт Ерөнхий сайд л гарын үсэг зурдаг юм шүү дээ. Улс нөөцтэй байх нь их ач холбогдолтой. Айл хүртэл нөөцтэй байдаг шүү дээ. Идэш хийнэ гэдэг бол өвөл, хаврын нөөцөө бэлтгэж байгаа хэрэг. Улс тоног төхөөрөмж, хүнс, өвс тэжээл, үрийн буудай, шатахуун гээд олон нөөцтэй. Сонины цаас гэхэд 60 тонныг “Сүхбаатар” хэвлэлийн үйлдвэрт өгч байлаа. Ер нь бол дэлхийн улс болгон нөөцтэй байдаг шүү дээ.
-Тэр үед хүмүүс цалингаа авч чадахгүй олон сар ажилладаг байсан. Танайх бас адилхан уу?
-Цалин тавихгүй, түлш, бараа худалдаж авах л мөнгө дээрээс өгдөг байлаа. Тиймээс Улсын нөөцийн газар өөрөө өөрийгөө санхүүжүүлэхээс өөр аргагүй болсон. “Танайхны цалинг дараа жилийн төсөвт суулгалаа. Өөлд гуай, та үүгээр 1000 тонн өвс бэлдээрэй” гээд өвсний л мөнгө өгөх жишээтэй. Тэгээд бид гараад гүйчихнэ. Даргын мэдлийн 20 хувь дотроо бараа материалаа эргэлдүүлж, цалин тавих мөнгөө олно. 10 төгрөгийн аяга байлаа гэхэд 15 төгрөгөөр зарж, таван төгрөгөөр нь цалингаа тавина. Дээр нь ажилтнууддаа “Чи 10 га газарт төмс тарь. Чи 500 га-д тариа тарь. Чи гахай үржүүл, тэр хонь малла” гэж дор бүрт нь үүрэг даалгавар өгнө. Ургацаа хураагаад улсын нөөцөд авна. Ингээд нөөцийн даалгавар биелүүлнэ, бас цалингаа тавина. 2004 он хүртэл ингэж явлаа.
-Зарах барааг авах хүн мундахгүй юу?
-Дор нь аваад явчихна. Одоогийнх шиг худалдах, худалдан авах ажиллагааны газар гэж байсангүй. Бид өөрсдөө явж, юмаа авдаг байлаа. Засгийн газрын нөөц сан гэж мөнгөний сан бий. Үүнийг 1943 онд байгуулсан. Мөнгө бэлэн бол юмаа худалдаад авчихна. Гэвч цагаа тулахаар амьдрал дээр ямар ч мөнгө байгаад нэмэргүй юм билээ. Тэр мөнгийг аваад Эрээн явах уу, Улаан-Үд явах уу. Тэрний оронд муу ч, сайн ч бараа нь байвал дээр юм билээ. Бараа таваар нь бэлэн байвал гамшгийн хор хөнөөлийг маш богино хугацаанд арилгах боломжтой.
-1965 оноос өмнө ч улсын нөөц байсан гэх юм билээ.
-1921 онд Ардын харилцан туслалцах хоршоо байгуулжээ. Хоршиж байж, фонд үүсгэнэ гэдгийг Амар сайд мэдэж, бий болгосон байна лээ. Өвс тэжээлийн нөөцийн хувьд бол 1923 онд Баруунхараад агуулах, Зүүнхараад тэжээлийн үйлдвэр байгуулсан. МАХН-ын анхны их хурлаас эхлээд бодлогын хэмжээнд тав таван жилээр нөөцийн асуудлыг авч явсан байдаг юм. 1943 онд МАХН-ын X их хурлаар госрезерв гэж байх ёстой юм гээд намын программд оруулжээ. Засгийн газрын түвшинд бол 1965 оны зургадугаар сарын 30-нд 244 дүгээр тогтоол гаргаж, “Үүнийг Монгол Улсын байнгын нөөц гэж нэрлэсүгэй” гээд Гадаад худалдааны яам, Худалдаа бэлтгэлийн яам, Бөөний худалдааны төв бараа баазын дарга нарт үүрэг өгч, Цагааннуур, Хатгал, Дорнодод дамжлага бааз байгуулжээ. Тиймээс бид Улсын нөөцийн газар байгуулагдаад 50 жил болж байна гээд байгаа юм.
2004 онд олон улсын туршлагыг судлаад, Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэсэн. Ингэснээр гамшгийн үед бэлэн, нөөц нь хажууд, бүгд нэг дор болсон. Нэгтгэсний хамгийн гол үр дүн нь энэ.
-Олны хараа хяналтад байдаг газрын дүрэм журам их л нарийн байж таарна.
-Улсын нөөцийн газар анх байгуулагдахад үйл ажиллагаа явуулахад баримтлах ямар ч дүрэм журам, хууль байгаагүй. Тиймээс Засгийн газрын 57 дугаар тогтоолоор “Улсын нөөцийн барааг бүрдүүлэх, сэлгэх, шинэчлэх журам” батлуулсан. Энэ журмын дагуу 2007 он хүртэл ажиллаад тусгай хууль гарсан.
-Онцгой байдлынхан намар болохоор хадлан бэлтгэдэг. Таны үед ч Улсын нөөцийн газар, салбаруудын ажилтнууд өвс хаддаг, тариа тарьдаг байсан уу?
-Улсын нөөцийн газрыг анх байгуулах үед бүх юм хомсдолтой байсан цаг. Улсын төсөвт мөнгө байхгүй. Тиймээс ажилтнуудаараа тариа тариулдаг, өвс хадуулдаг байлаа. Ингэж аж ахуй эрхэлсний хүчээр энэ байгууллагыг авч үлдсэн юм. Санхүүгийн нөөц л их хэцүү байсан даа. Үрийн нөөцийн газарт гэхэд голдуу агрономичид байсан. Тиймээс тэд юу тарих, авахаа мэднэ. Үрээ газар дээр нь шалгаж, шигшиж авна. Улсын үрийн нөөц чанартай сайн байсан нь энэ хүмүүсийн гавьяа. Улсын нөөцийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бэхжүүлж байх шаардлагатай. Төсөв мөнгөөр жаахан дэмжих, арвижуулах хэрэгтэй. Ямарваа халдварт өвчин, гамшиг тохиолдоход шаардлагатай зүйлсээ тэр дор нь улсын нөөцөөс гаргаад тэмцдэг, бэлэн байх хэрэгтэй байна. Тоног төхөөрөмжийг нь гэхэд шинэчилж байхгүй бол технологи нь хоцрогдоно. Улсын нөөцийн зарим барааг тэр үед байгууллагуудад гэрээгээр хадгалуулдаг байсан юм шүү. Тэр үед байгууллагууд хувьчлагдаагүй байсан болохоор улсын нөөцийнх гээд захиалсан зүйлийг сайн нөөцөлж авдаг, сайн ч хадгалж өгдөг байсан. Хүмүүст ч мөнгө олох, идэж уух асуудал байгаагүй. Нөөцөө арвижуулах, чанартай хадгалах гэж л зүтгэдэг байлаа.
-Нөөцийн дарга нар хэл ам, хардлага сэрдлэгэнд их өртдөг. Таныг харин түүнийг тойроод гарсан гэх юм билээ.
-Улс хүнээр хийлгэх гэсэн юмаа хийлгэчихээд, учиргүй харддаг л юм байна лээ. Би аливаа асуудлыг ганцаарчилж шийддэггүй, бүгдээрээ хуралдан, хэлэлцээд протокол бичиж байж бараа таваар гаргадаг байсан. Сүүлд хэл ам гарвал хамтын шийдвэр, протоколоо үзүүлдэг. Нөөцөөс гаргаж, авч байгаа бүх бараа материал протоколтой, баримттай. Улсын нөөцөд тэр үед 13, 14 сая төгрөгийн бараа байсан, тэр үеийн ханшаар. Тийм учраас түүнтэй холбоотой бүх шийдвэр ил тод байхгүй бол хэцүү. Дарга ганцаараа шийдвэл дандаа буруутдаг, хардагддаг. “Улсын нөөц бол жигтэйхэн баян газар, хүний хар нүднээс бусад бүх юм байдаг” гэж хүмүүс ойлгодог, тэндээс хямдхан юм авах, муу бараагаа шахах гэдэг байлаа. Өө л гарвал биднийг матах гэдэг. Тиймээс бараа таваарын чанар, тоо хэмжээ гээд бүх зүйлд нямбай хандахгүй бол болохгүй. Хамтын шийдвэрийн ачаар манайхны нэг нь ч тэр үед шүүх, прокуророор яваагүй. Хүн бүхний нүд өлөн байсан тэр цагт би ч бас муу хэлэгдсэн л дээ.
-Таны дараагийн дарга нарын зарим нь шүүх, цагдаагийн хаалга татсан даа.
-Тэд муу улс байгаагүй байх. Хардлагад өртчихгүй юү. Моёор, Бямбаноров, Даш дарга гурав тийм л хардлагад өртсөн. Түүнээс болоод хүн бүр айгаад байгаа юм. Тэр бол их нарийн учиртай. Моёор даргаар тоглочихсон юм шиг бодогддог. Дундговиос авчирч, Улсын нөөцийн газрын даргаар тавьчихаад, тонгорчихсон. Тэгэхэд Моёор гурил оруулж ирж. Тэр нь Улсын нөөцийн газрын дансаар ороогүй, “Разноимпэкс”-ийн дансаар орсон байгаа юм. Моёор нөгөөхийнх нь гол рольд тоглочихсон чинь “Чи оруулж ирсэн байна. Мөнгө хаана байна, гурил яасан” гэж байцаасан байдаг. Зургаан сар суулгаад цагаатгасан, хөөрхий. Дараа нь гурилыг нь нөөцийнхөн салгаж авсан юм билээ. Бямбаноровыг ч зургаан сар суулгаад гаргасан. Даш даргыг ч ялгаагүй. Үрийн буудайг таваарын буудайн үнээр үнэлсэн байгаа юм. Тэгээд л “Энэ их мөнгийг чи иджээ” гээд аваачаад хийчихсэн. Үүнийгээ сүүлд нь ойлгосон ш дээ.
-Өөрсдөө бизнес хийчихсэн хэрэг үү?
-Ийм юм амьдрал дээр зөндөө байдаг. Ингэж мушгихаар Даш унахгүй яах юм. Би Улсын нөөцийн газарт дахиад жил болсон бол бас л ийм байдалд орох байсан биз. 1998 онд УИХ-д сонгогдоод би явж, Моёор үлдээд үйлээ үзсээн. Үйлээ үзээгүй хүн бараг байхгүй дээ. Санжмятав арай гайгүй салсан. Дайчин, мундаг зохион байгуулагч хүн. Зан сайтай, хүнийг ялгадаггүй, хүнтэй их сайхан харилцдаг. Эвлэлийн төв хороонд ажиллаж байсан учраас хүнтэй харилцаад сурчихсан, сэргэлэн, хүний арга эвийг олохдоо гаргууд. Моёор их шударга шүү дээ. Тэр нь ч Бүгд найрамдах уншуулахад нөлөөлсөн байх. Одоо болтол гомдож л яваа, аргагүй шүү дээ.
-Хатаасан жимс гуйж аваад, гурилаар сольсон түүх танд байдаг байх аа?
-Хөдөө аж ахуйн сайд байхдаа Эрүүл мэндийн сайд П.Нямдаваатай хамт Ромд хуралд очсон юм. Италийн Гадаад харилцааны яамны газрын даргатай уулзах хүсэлт тавиад “Монгол, Итали эртнээс сайн харилцаатай. Монгол Улс одоо зах зээлд шилжээд хүнд үеийг туулж байна. Туслах боломж байна уу” гэхэд “Маргааш хариу өгье” гэлээ. Маргааш нь “20 мянган тонн хатаасан жимс ав” гэхээр нь “Монголчууд жимс идэхгүйгээр жил ч болж чадна. Гурил идэхгүйгээр долоо хонож чадахгүй. Хатаасан жимснийхээ оронд гурил өгөөч” гэлээ. Маргааш нь зөвшөөрсөн. Ерөнхий сайд П.Жасрай руу утасдаад “20 мянган тонн гурил оллоо. Тээврийн зардал өг” гэхэд “Надад ямар мөнгө байх билээ. Гурилнаасаа хасуулаад тээврийн зардал гаргачих” гэсэн. Ингээд 5000 тонныг хасуулаад 15 мянган тонн гурил наашаа ачуулсан. 1992 он ядарч явсан үе шүү, үнэхээр ядарсан. Үйлдвэрүүд зогсчихсон, ард иргэдээ өлсгөхгүйн тулд үнэхээр зүтгэсэн.
-Тэр үед тариа тарьж л байсан. Яагаад гурилгүй, тэгтлээ хоосорчихсон юм бэ?
-Ургац бага байсан юм аа. Ургацын комисс хүртэл томилоод аймгуудад Засгийн газрын төлөөлөгчөөр ажиллуулж байсан юм даг. 1993 онд сайн ургац авах байсан ч чадаагүй. 1991 оноос удирдах, удирдуулах ёс алдагдаад, дур дураараа загнацгаасан. Сангийн аж ахуйнууд задраад, үймчихсэн. Тракторчид трактороо нэг нэгээр нь хувьчилж аваад явчихсан. Тариа тарих технологи мэддэг хүн байхгүй. Шатахуун ч байхгүй, агрономич ч үгүй. Хөдөө аж ахуй ч бас задарчихсан, бүгд л хувийн аж ахуй байгуулна гээд явчихсан цаг. Өмч эзэндээ очсон нэрээр ямар ч удирдлага, бодлого байхгүй, замбараагүй болсон. Тиймээс нэг хэсэг ургац алдаад хоосорсон. Ганц трактортой хүн юу хийх вэ дээ. 1992 онд би сайд болоод аж ахуйнуудыг буцаан нэгтгэж, томсгох гэж их хөөцөлдсөн. Арай томхныг нь хооронд нь хоршуулж байлаа. Одоо компаниуд арай чадвартай, учиртай болж. Ер нь хувьчлалд дээр бид алдсан юм даа.
-Тариаланчид одоо ч намар олигтой ургац авч чадахгүй, хавар тарих үргүй болчихоод байна. Тэгээд таарснаа, олдсоноо тарьдаг. Тэр нь Монголын цаг агаар, газар нутгийн онцлогт тохирохгүй байгаагаас болц оройтон, ургац алдаад байх шиг.
-Үрийн салбарыг тэр үед төрийн бодлогын хэмжээнд барьж үлдсэн ч сорт сорилтыг тараасан. Сорт сорилтыг унагаснаас болоод одоо ямар үр тарихаа мэдэхгүй, ургац сайнгүй байна шүү дээ. Сорт сорилтыг тарааснаас энэ бүхэн үүдэлтэй. Сорт сорилтын хяналт үрийн нөөцтэй хамт ХААЯ-нд байсан юм. Тэр үед Оросоос 10 өөр сортын үр авлаа гэхэд заавал туршина. Хэнтий, Ингэттолгой, Жаргалант, Дархан гээд сорт сорилт туршдаг 17 салбар байлаа. 17 цэгт гадаадын сортуудыг туршиж үзээд тухайн нутагт тохирсныг нь нутагшуулдаг. “Монгол орны төвийн бүсэд энэ сортын үр тохирох юм байна. Энд үүнийг л тарьж байя” гээд үрийг нь үржүүлдэг байсан гэсэн үг. Угтаал, Жаргалант, Дархан гээд үр үржүүлэх сангийн аж ахуйтай. Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн гэхэд элит үр гарган авч, үржүүлэн тараадаг. Ингэж Монгол орны нөхцөлд тохирсон, туршсан, шалгарсан сортын буудай тарьж байлаа.
Хангайн бүсэд тохирох сортын буудайг зүүн бүсэд тарьж болохгүй шүү дээ. Одоо бол алийгаа ч мэдэхгүй, таарснаа, олдсоноо тарьж байна. Ганд, хүйтэнд, чийгэнд тэсвэртэй гээд сорт бүр онцлогтой. Гантай жил үүнийг, хур элбэгтэй бол энийг таривал ургац алдахгүй гээд тогтоочихсон байдаг. Энэ бүхэн одоо алдагджээ. Үүний эцэст өнөө хэдэн тариаланч, ард түмэн л хохирно. Үр байхгүй бол гурил байхгүй. Гурилгүй бол ард түмэн нэг ч хонож чадахгүй. Гадаадынхан үрээ их харамлаж өгдөг юм шүү дээ. Элит үр гэдэг чинь тэр бүр наймаалцдаг зүйл биш. Шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхгүй байна. Сүүлийн үед дуучид хүртэл агрономич болчихсон байна лээ. Толгойлсон яам нь мэргэжлийн бус болчихсон юм уу, би бүр ойлгохоо байлаа. Газар тариалан мэддэг ганц хүн л бий. Тэрнийхээ үгийг сонсдог юм уу, бүү мэд. Ер нь аль ч улс үрийнхээ бодлогоор оролдож болдоггүй юм даа.
-Одоо улсын нөөцөд үр, шатахууны агуулах л байх шиг. Бусдыг нь яасан юм бэ. Их л олон агуулахтай байсан юм шиг байдаг. Хувьчилчихсан уу?
-Үр нөөцөлдөг 11 салбар одоо хүртэл бий. Монголчууд “Үрээ идэхээр үрээгээ ид” гэж ярьдаг шүү дээ. Үрийн нөөцийн салбар бол Монгол Улсын газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, тогтвортой байлгах, гадаадаас хараат бус байх, гурилаар ард иргэдээ таслахгүй байлгах ач холбогдолтой. Үрийн нөөцтэй байвал манай улс гадаадаас гурил гуйхгүй байх учиртай. Тиймээс үр нөөцлөхөд улс онцгой анхаарах ёстой юм. Нөөц муутай байгаа учраас одоо гадаадаас улаан буудайн үр оруулж ирээд, өнөөх нь үр биш таваарын буудай байна гээд бөөн асуудал дэгдээд байгаа юм шүү дээ. Үрийн нөөцтэй байна гэдэг чинь тариад хураах улаан буудайтай, хүн ард хүнстэй байна гэсэн үг. Нөгөө талаараа бас малын тэжээл болно. Хивэг гарна. Хөтөл том элватортой. Гадаадаас их хэмжээний үр оруулж ирэх, эсвэл арвин ургац хураасан үед хийх газар олддоггүй байсан юм. Хөтөлийн элватор өөрийгөө санхүүжүүлдэг байсан. Түүнийг улсын нөөцөд авсан нь их чухал алхам болсон доо. Улсын үрийн нөөцийн 11 салбарыг хувьчлаагүйд би их баяртай байдаг. Үрийн нөөцийн агуулахуудыг авч үлдсэн тулдаа л одоо нөөцдөө үртэй байгаа юм. Бусад бүх салбар агуулахаа хувьчилсан. Агуулахгүй болохоор түрээс төлж юмаа хадгалуулдаг. Агуулахын аж ахуй ор хаягдчихсан. Үрийн нөөцийн агуулах хуучин ч гэсэн байна.
-Үрийн нөөцийн агуулахыг хувьчлах санал тухайн үед гарч байсан уу?
-Гарч байсан. 1994 онд Засгийн газар 26 дугаар тогтоол гаргаж, “Улсын нөөцийн агуулах, талбайг хувьчлах объектын жагсаалтад оруулахгүй” гэсэн байдаг. Тэгсэн хэрнээ хувьчилчихсан. Үрийн нөөцийн хэдэн талбай хүний сонирхол арай татаагүй бололтой юм билээ. Өмч хувьчлалын комисс “Хүнс трейд”-ийг, “Нефть импорт концерн”-ыг хамгийн сүүлд 2002 онд хувьчилсан. Цагааннуурын дамжлага бааз, Ховдын Мөст зэрэгт байгаа хамгийн олон жил болсон, муу агуулахаа л үлдээсэн. Онгоцны түлшний агуулахыг хувьчилчихаад одоо хувийн компанид хадгалалтын хөлс төлөөд хүнд байдалд ороод байна. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байсаар байтал эсрэгээр нь хийчихсэн. Аливаа улс 90 хоногоос дээш хэрэглэх шатахууны нөөцтэй байх ёстой. Бүх улс тэгдэг. Тэгэхэд манайх “Тав хоногийн нөөцтэй” гээд зарлаад сууж байх юм.