Хэдхэн жилийн өмнө гадаадын оронд л бол хаана ч хамаагүй суралцах нь сурагчдын хүсэл байсан бол өнөө цагийн сурагчид Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах зорилготой болжээ. Ийн холыг харж, илүү хүсэл тэмүүлэлтэй суралцдаг залуусыг бэлтгэдэг сургуулиудын нэг нь “Сант”. Элсэлтийн ерөнхий шалгалтад төгсөгчдийн дундаж үзүүлэлтээр байнга тэргүүлдэг тус сургуулийн олон улсын “Advanced Placement” (AP) хөтөлбөрийн зохицуулагч З.Энхмөнхтэй сургуулийнх нь онцлог, давуу талуудын талаар ярилцлаа.
-Америкийн их дээд сургуулиудад элсэхэд чухал шалгуур болгодог олон улсын хөтөлбөрийг “Сант” сургуульд хэрэгжүүлдэг юм билээ. Уг хөтөлбөрт хамрагдсан сурагчид дэлхийд шилдэгт тооцогддог нэр хүндтэй сургуулиудын зарим хичээлийн кредитийг тооцуулчихсан байдаг хэмээн төгсөгч нь ярьж байсан. Уг хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч.
-Сант сургууль АНУ-ын Advanced Placement (AP) олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж, шалгалтуудыг нь албан ёсны эрхтэйгээр авч байгаа. Уг хөтөлбөрт хамрагдсанаар сурагчдад дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэн суралцах эрх нь нээгдэж, тухайн сургуульдаа кредит тооцуулах боломж бүрддэг. Жишээ нь манай сургуулийн төгсөгчид Массачусетсийн технологийн их сургуульд элсэн суралцахдаа эхний улирлын хичээлүүдээ “Сант” сургуульд үзэж, кредитийг нь тооцуулсан байдаг тул шууд дараагийн улирлын хичээлээ үзээд эхэлчихэж болно гэсэн үг.
-Тэгэхээр сургалтын төлбөр төдийгүй цаг хугацаагаа ч хэмнэчихдэг давуу талтай байх нь ээ?
-Тийм ээ. Америкийн бүх их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөр тул хүссэн сургуульдаа элсэх боломжийг нээж өгч буй нь бас нэг чухал давуу тал юм. “Сант” сургууль дээр дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалсан багш нар математик, физик, хими, биологи, компьютерийн шинжлэх ухаан, эдийн засгийн хичээлүүдийг англи хэл дээр олон улсын хөтөлбөрийн дагуу заадаг. Ирэх жилээс дэлхийн түүх, статистик гэх мэт хичээлүүдийг нэмэхээр төлөвлөж байна.
-Америкийн их, дээд сургуулиудад AP хөтөлбөрийг хэрхэн үнэлдэг юм бол?
-AP хөтөлбөрийг нь АНУ-ын ахлах сургуулиудад хэрэгжүүлдэг учир Америкийн шилдэг их, дээд сургуулиуд илүү үнэлдэг. Энэ хөтөлбөрт хамрагдсан сурагчид өөрийн сонирхсон хичээлийг сонгон суралцах боломжтой. Цаашдаа энэ хөтөлбөрийг манай улсын сургуулиудад хэрэгжүүлэх боломжтой, энэ талаар би судалж байгаа.
-Танай сургуулийн сурагчид олон улсын олимпиадуудад байнга амжилт гаргадаг юм билээ. Сурагчдаа хэрхэн олимпиадад бэлддэг вэ?
-Манайх Америкийн математикийн холбоотой хамтарч ажилладаг. Тус холбоотой хамтарч нэг чухал үйл ажиллагаа явуулж буйн нэг нь Америкийн математикийн олимпиадыг Сант сургууль дээр зохион байгуулж буй. Тэгэхээр манай сурагчид Америкийн хүүхдүүдтэй өрсөлдөж, туршлага хуримтлуулдаг.
Америкийн олимпиадуудад түрүүлсэн сурагчдыг тус улсын их, дээд сургуулиуд оюутнаараа элсүүлэх сонирхолтой. Өргөдөл дээрээ ч энэ талаар нарийвчлан “Америкийн математикийн олимпиадад хэдэн оноо авч, ямар амжилт үзүүлсэн бэ” гэх асуултыг оруулсан байдаг. Америкийн математик, физикийн олимпиадыг сургууль дээрээ зохион байгуулж байгаа нь ч ийм учиртай.
-Манай сурагчид ер нь эл олим- пиадад ямар амжилт үзүүлдэг вэ?
-Энэ жил гэхэд манай сургуулийн Пүрэв, Оюунтөгс, Цэрэнчимэг нар тус олимпиадын эхний гурван байрт шалгарсан. Цэрэнчимэг маань энэ намар Массачусетсийн технологийн их сургуульд тэтгэлгээр суралцахаар явна.
-Сүүлийн жилүүдэд сургуулиудын чансааг гаргасан нийтлэлийг хэвлэлийнхэн гаргах болсон. Өнгөрөгч жилийн судалгаанд “Сант” сургуулийн нэр харагдахгүй байсан. Гэхдээ боловсролын салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар танай сургууль ЭЕШ-ын дунджаар байнга тэргүүлдэг гэх юм.
-Нийт төгсөгчдийн дундаж оноог харуулж буй нэг үзүүлэлт нь ЭЕШ. Манай сургууль сүүлийн 8 жил тэргүүлж ирсэн. Харин өнгөрсөн жил Сант сургууль төгсөлтгүй байсан учраас ЭЕШ-т оролцоогүй.
-Ирээдүйд та ямар ажил төлөвлөж байна вэ?
-Жил бүр манай сургууль дээр Америкийн шилдэг их дээд сургуулийн багш нар ирж, TOEFL, SAT-ын хичээл заадаг. Энэ зун Жоржтаун, Браун, Канзасын их сургуулийн найман багш ирж хичээл заана. Энэ намраас эхлэн бид Оксфордын их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ном сурах бичиг, багш нараа бэлдсэн.