Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “BSB сервис” ХХКийн кассын нярав М-ыг хөнөөсөн Г.Мэндхүүд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээв.
Г.Мэндхүү нь 2009 оны хоёрдугаар сарын 13-ны үдэш “BSB сервис” ХХК-ийн кассын нярав М-ыг “Захирал үлдэгдэл мөнгөө аваад хүрээд ир гэж байна” хэмээн хуурч ажлаас нь гаргаад, өөрийн эзэмшлийн 04-52 УБЭ улсын дугаартай “Делика” маркийн машинд суулган “Tedy” төвийн урд аваачин, ороолтоор хоолойг нь боомилж, дээрэмдэн, амь насыг нь бүрэлгэсэн юм.
Тэрбээр хохирогчийг, Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Хажуу хошуу” гэх ууланд аваачиж нуун, хувцас, эд зүйлийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг “Өндөр худаг” гэдэг газар шатаасан гэдэг. Мөн хохирогч эмэгтэйн хамгаалалтын хийн гар бууг задлан, зам дагуу хаяж, авч явсан мөнгийг нь Бээжинд сурдаг хүү болон найз А.Сүхдорж, М.Болдбаатар нарт өгсөн байдаг.
Түүнчлэн энэ хуралдаанаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” Дээд шүүхийн тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай заасан байдаг юм.
Г.Цолмон