АТГ-ын дарга, дэд дарга, зарим нэг ажилтны талаар үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн яриа сонсогдох боллоо. Тус газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчааг ажилтнуудаа чагнасан гэх асуудал сүүлийн өдрүүдийн гол дуулиан болоод байна.
Тагнуул, Цагдаа, АТГ-т Дотоодын аюулгүй байдлыг хангах алба ажилладаг. Энэ албаны гол зорилго нь нууц мэдээлэл алдагдахаас сэргийлэх, ажилтнуудынхаа үйл ажиллагааг шалгах зорилгоор байгууллага дотроо гүйцэтгэх ажил явуулах эрхтэй байдаг юм байна.
Тус албаны үйл ажиллагаа Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулагддаг. Тиймээс АТГ-ын дарга ажилтнуудаа чагнасан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газраас Ажлын хэсэг томилон шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуульд Гүйцэтгэх ажлын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн тохиолдолд гэм буруутанд ял ногдуулах заалт бий.
Тэгвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дээрх хэргийг харьяалалын дагуу Тагнуулын ерөнхий газарт шалгаж байхаар заасан байна.
Бидэнд олдсон зарим мэдээллээр тагнуулын ажилтнууд Ч.Сангарагчааг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа бололтой. Шалгалтын явцад тус газрын нэг ажилтан авлига авсан байж болзошгүй сэжиг илэрчээ.
Тиймээс Ажлын хэсгийнхэн шалгалтаа нарийвчилж байгаа талаар мэдээлэл байна.
Д.Дагва