Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн тийш байрладаг Хорих 433 дугаар анги буюу Дарьтын хорих ангид хүмүүжигч Ө.Юмчинсүрэн өнгөрсөн баасан гаригт оргожээ. Завхан аймгийн харьяат тэрбээр хүн амины болон хүчингийн хэргээр ял шийтгүүлсэн бөгөөд хорих ангийнхаа ногооны талбайд ажиллаж байхдаа оргосон гэнэ. Энэ талаар тус ангийн дэд дарга, ахмад Б.Наранбаяртай холбогдож лавлахад, “Манай ангид хүмүүжигч оргосон. Бид түүнийг эрэн сурвалжилж байна” гэсэн юм.
Түүнийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн цагдаагийн ажилтнууд болон ШШГЕГын Тогтоол гүйцэтгэх газар, Харуул хамгаалалтын хэлтсийн ажилтнууд багтсан ажлын хэсгийнхэн эрэн сурвалжилж байгаа аж. Дархан-Уул аймгийн цагдаагийн газрынхантай холбогдоход, “Оргодлыг өөрийн нутаг дэвсгэрт эрэн сурвалжилж байна. Шалгалтаар манай аймгийн нутагт орж ирээгүй нь тогтоогдлоо” гэв.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ажилтантай холбогдоход, “Оргодлын явсан зүгийг тогтоосон. Булган, Орхон аймгийн нутагт орж, уул хаданд гарсан шиг байна. Манай ажилтнууд эрэн сурвалжлах, хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэлээ. Булган аймгийн цаг даагийн газрын ажилтантай холбогдон асуухад, “Бид бэлэн байдалд ажиллаж байна. Манай аймгийн нутагт орж ирсэн гэдэг мэдээлэл ирсэн ч шалгалтаар энэ нь тогтоогдоогүй” гэж мэдээлэв.