“Хадгаламж” банкны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус банкны хадгаламж эзэмшигчдийн 14.2 тэрбум төгрөгийг завшин мөрийтэй тоглосон Ц.Чимэдцэрэнд шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэрбээр шүүхээс оноосон ялыг Зүүнхараа дахь хорих ангид эдэлж байсан бөгөөд саяхнаас түүнд оноосон ялын дэглэмийг бууруулж эдлээгүй үлдсэн ялыг нь жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Ц.Чимэдцэрэнг эдлэвэл зохих ялынхаа ихэнх хэсгийг эдлээгүй байхад дэглэм бууруулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Сэлэнгэ аймгийн прокурор дээд шатны шүүхэд ханджээ. Прокурор эсэргүүцэлдээ “Ц.Чимэдцэрэн улсад 14.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, шүүх уг мөнгийг гаргуулан түүнээс Төрийн өмчийн хороонд олгуулахаар шийдвэрлэсэн ч хохирлоо огт барагдуулаагүй, ялтан Ц.Чимэдцэрэнгийн үйлдсэн гэмт хэрэг, нийгэмд учруулсан хор аюул зэрэгт бодитой дүгнэлт хийлгүй дэглэм бууруулсан нь үндэслэлгүй байна” гэж дурдсан байна. Шүүх Сэлэнгэ аймгийн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, удахгүй хэлэлцэх гэнэ.