АТГ-ын эрхлэх ажлын хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хөтлөх, хадгалах ажил багтдаг. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн алба хаагчид хөрөнгө орлогоо гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд АТГ-ынхан гаргасан мэдүүлгийг хянан шалгаж худал мэдүүлсэн, эсвэл хөрөнгөө нуусан хүмүүст хариуцлага тооцуулахаар дээд дарга нарт нь ханддаг. Энэ ажлын хүрээнд хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлсэн МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэд хариуцлага тооцуулахаар ТУЗ-д нь хандсаны дагуу түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Р.Бат-Эрдэнэтэй хамт МИАТ-ын хөрөнгөөр “тоглон баяжсан” хэрэгт шалгагдаж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц мөн л хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлсэн. УИХын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр ч түүнийг нийтэд мэдээлсэн. Б.Хурцын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас шалгахад тэрбээр өөрийн орон сууц, автомашин, Монгол Улс болон БНСУ-д байгуулсан “Грэнд степ” хэмээх компаниа мэдүүлээгүй аж.
Тиймээс түүнд Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзээд хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтан болох ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд АТГ-аас албан бичиг хүргүүлж, хариуг нь ирүүлнэ үү хэмээн ханджээ Уг нь Авлигын эсрэг хуульд “АТГ-аас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж байгууллага түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг нь хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заасан.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад хууль үйлчилдэггүй гэж бодсоных уу Ц.Энхтүвшин “Б.Хурцад хариуцлага тооцох боломжгүй” гэжээ. Тиймээс Авлигын эсрэг хуулийн дагуу ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд хариуцлага тооцуулахаар АТГаас Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Авлигын эсрэг хуульд “Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан нь сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн байдаг.
Мөн дээр дурдсан хуулийн заалтуудыг биелүүлээгүй албан тушаалтныг 150-200 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалтын дагуу шүүхэд хандсан аж. Сүхбаатар дүүргийн шүүх уг асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэх бололтой. Дашрамд дурдахад, Б.Хурц, Р.Бат-Эрдэнэ нарт холбогдох СөүлУлаанбаатарын чиглэлд тээвэрлэх ачааны мөнгийг бие биедээ давуу байдал олгон завшсан хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусах аж.