Мэнэнгийн тал Монголынх уу, Хятадынх уу” асуудал хөндсөн цуврал нийтлэлийнхээ дагуу Дорнод аймгийг зорилоо. У л а а н б а а т а р - Ч о й б а л с а н - Матад- “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн камп гэсэн маршрутаар 2000 орчим км үргэлжилсэн энэ томилолтоороо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахыг зорьсон юм. Өмнө нь нутгийн иргэд, Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн мэдээлэл, баримт материалд үндэслэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг Дорнод Монголын Мэнэнгийн талд өөрийн вант улсыг байгуулан монгол хүнийг малнаас дорд үзэж, газар ну таг, байгаль орчныг бузарлан талхалж байгааг олонтаа сон сож, энэ тухай олон нийтэд хүргэж байсан. Тиймдээ ч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тухайд, Мэнэнгийн тал ямархуу болсон талаар бага ч гэсэн төсөөлөлтэй болсон тул “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн бодит байдлыг нүдээр үзэхээр зорьсон минь энэ. Монголын төр оршин байгаа цагт газар нутаг дээр минь Хятадын нэг компани вант улсын хэмжээнд дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадна гэж юу байхав, нутгийнхан арай л дэгсдүүлсэн байж магадгүй гэсэн горьдлогыг сэтгэлийн гүндээ тээсээр Дорнодыг зорьсноо нуумааргүй байна. Харамсалтай нь аймгийн ИТХын тэргүүлэгчид болон БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудтай уулзсаны дараа энэ горьдлого маань бүрмөсөн тасарч, Хятадын энэ компани Мэнэнгийн тал байтугай Дорнод аймагт нэгэнт ноёрхлоо тогтоосныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Аймгийн удирдлага, төрийн байгууллагууд нь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өмнө үнэхээр хүчин мөхөстжээ. Тэд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хууль бус үйлдлийг Монголын ард түмэнд илчилж, дэлхийд гайхагддаг Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талаа эдийн засгийн “эзэрхийлэл”-ээс хамгаалан дуу хоолойгоо хүргэж буй “Өнөөдөр” сонин, Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл дорнодынхны эрх ашгийн төлөө стратегийн өмгөөлөл хийхээр болсныг талархан хүлээн авч, хамтран тэмцэхээ илэрхийлсэн.
АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНД ХАНДИВЛАДАГ 200 САЯ ТӨГРӨГ ПЕТРО ЧАЙНАГИЙН АВЛИГА УУ, ЗАСАГ ДАРГЫН АВЛАГА УУ
Тус аймгийн Матад, Халх гол сумын нутаг дэвсгэрт 25 мянган га газар буюу Бельги улсын хэмжээний газар нутаг эзэмшин газрын тосны хайгуулын олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” компани уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бусад гаднын хөрөнгө оруулалттай компанийн л нэг. Энэ утгаараа тэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүссэн ч, эс хүссэн ч үйл ажиллагаагаа явуулах учиртай. Гэтэл “Петро Чайна Дачин Тамсаг” компани өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг даган мөрдөх нь байтугай Монгол төрийн гар, хөл болсон нутгийн удирдлагыг ч үл ойшоосоор иржээ. “Та нар бидэнд шаардлага тавих эрхгүй. Бид танай Засгийн газартай гэрээ байгуулсан” гэсэн үгээр аймгийн удирдлагын амыг таглаж, эзэмшил нутаг дэвсгэртээ ч “тусгай зөвшөөрлөөр” хөл гишгүүлдэг юм байна. Үүнийг ч бид “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эзэмшилд хөл тавихдаа биеэрээ мэдэрсэн бөгөөд энэ тухайгаа хойно өгүүлэх болно. Дорнод аймгийн эрүүл саруул, эх оронч удирдлагууд энэ жилээс эхлэн орон нутгийг нь үл тоомсорлон, дураараа дургиж буй “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн “эсрэг” нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үйл ажиллагааг нь шалгах ИТХ-ын ажлын хэсгийг саяхнаас байгуулжээ. Энэ дагуу төлөөлөгчдөө “Петро Чайна Дачин Тамсаг” компани руу илгээн үйл ажиллагаатай нь танилцахыг оролджээ. Гэвч “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай үйл ажиллагаа явагддаг. Та нарт биднийг хянах эрх байхгүй” гээд оруулаагүй гэнэ. Засгийн газар, Бүтээгдэхүүн хуваах өндөр зэрэглэл бүхий нууц гэрээ гэгчээр далайлган орон нутгийнхныг үл тоомсорлодгоос нутгийн малчид нь байтугай төрийн байгууллагынхан ч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өмнө тэргүүн бөхийлгөхөөс аргагүйд хүрчээ. Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр Газрын тосны газар “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр энэ гэрээ бүхэл бүтэн улсын хууль, төрийн байгууллагаас ч давсан хамгаалалтын бүсийг бий болгожээ. Ажлын хэсгийнхэн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх мэдлийн хүрээнд энэ гэрээтэй нь танилцахыг хүссэн ч одоо хүртэл албан ёсоор барааг нь ч харж чадаагүй байгаа аж. Тэдний хэлснээр тэр гэрээг нь харсан ганц нэг хүний нүд нь орой дээрээ гарч, шогшрохоос өөр хэлэх үг олддоггүй юм байх. Нууцын цаана бүүр ноцтой нууц, хэн нэгэн эсвэл хэсэг бүлгийнхний ашиг сонирхол нуугддаг нь батлагдсан үнэн. Харин энэ гэрээний цаана “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эрх ашиг нуугдаад байна уу, аль эсвэл хэн нэгэн, хэсэг бүлгийнхний ашиг сонирхол байна уу. ИТХ-ын зарим тэргүүлэгчийн хэлснээр “Петро Чайна Дачин Тамсаг” компани 2005 оноос хойш жил бүр аймгийг Хөгжүүлэх санд 200 гаруй сая төгрөг “хандивладаг” юм байна.
Гэвч энэ мөнгө санд ордог уу, хэн нэгний гарын салаагаар урсдаг уу гэдгийг яг таг мэдэх хүн алга. Энэ жилтэй нийлээд таван удаа өгч, аймгийн хөгжилд нэг тэрбум гаруй төгрөг хандивласан гэж тооцоход Дорнод аймаг яаж хөгжив. Аймгийн хэмжээнд биш юм аа гэхэд ядаж Матад суманд ямар хувь нэмэр оруулав. Энэ хандивыг тодорхой мэддэг, захиран зарцуулах эрхтэй хүн нь аймгийн Засаг дарга Ц.Жанлав гэнэ. Гэвч өнөөх л улс төр, намын харьяаллын явцуу эрх ашгаараа хав дараад тодорхой мэдээллийг ИТХ-ын тэргүүлэгчдээсээ нуудаг юм байх. Тиймээс Хөгжлийн сангийн мөнгийг захиран зарцуулах журмыг ИТХ-аас баталж, Засаг даргад өгчээ. Гэвч янз бүрийн ойн арга хэмжээ, өргөмжлөл, бэлэг дурсгал төдийд зарцуулдаг нь засрахгүй хэвээр өнөөдрийг хүрчээ. Засаг дарга энэ жилийн хандиваа “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас саяхан нэхсэн гэсэн мэдээлэл байна. Харин тэд өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Аймгийг Хөгжүүлэх санд хандивладаг 200 сая төгрөг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн авлига уу, Засаг даргын авлага уу. Энэ талаар Ц.Жанлав даргаас өөрөөс нь тодруулахаар эрж хайсан боловч тэрбээр бидэнд олдоогүй. Сураг сонсвол хот руу ажлаар явсан юм байх. Ер нь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн асуудал сөхөгдсөн үед эрх бүхий албан тушаалтнууд хаа нэг тийшээ гэнэт ажилтай болж зугтдаг нь гэм биш зан гэнэ. Энэ байдал цааш Матад суман дээр ч давтагдсан бөгөөд биднийг сумын төв рүү хөдөлсөн гэх мэдээллээр Засаг дарга, байгаль орчны байцаагч зэрэг мэдээлэл өгөх ёстой хүмүүс нь аймгийн төв рүү гэнэт ажил гарч, зөрж явсан байсан. Энэ мэт “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эрх ашгийг хамгаалдаг, тэднийг хаацайлдаг хүмүүс тус аймагт нэлээд олон байдаг бололтой. Хандив нэрээр амыг нь тагладаг 200-хан сая төгрөг, өөр бусад ашиг сонирхол “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхныг Дорнодод өөрийн ноёрхлыг тогтооход ямар нэгэн байдлаар нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй санагдсан. Матад сум өнөөдөр Дорнод аймагтаа төдийгүй улсын хэмжээнд тог цахилгаангүй, хамгийн ядуу харанхуй сум. Аймгийн төдийгүй сумынхны хувьд хөгжлийн ганц гарц нь газрын тосны арвин их баялаг нь. Гэтэл нууц гэрээгээр халхавчилсан, зарим нэг эрх мэдэлтнүүдийн хуйвалдаан Дор нодыг өнөөдөр Хятадын түү- хий эдийн бааз, газрын тосонд хордсон “үхмэл” газар нутгаас өөр юу ч үгүй үлдээх нь. Газрын тосны шингэн хаягдалд нэвчиж хордсон Дорнод Монголын тал эхнээсээ мал амьтан бэлчихгүй, хүн амьтан нутаглах боломжгүй намагжсан “хар тал” болж байна. Хайгуулын өрөм зоосноос үүдэн гардаг газрын тосны шингэн хог хаягдлыг энд тэндгүй, хаа тааралдсан газраа 50-60 метр орчим бассейн бүхий нүх ухаж булдаг юм байна.
Үүнийгээ техникийн нөхөн сэргээлт хийсэн, байгаль орчныг нь хэвийн байдалд оруулсан хэмээн тус компанийнхан тайлбарладаг гэсэн. Мэргэжлийн хяналтын газрынхан иргэдийн мэдээллийн дагуу өнгөрсөн тавдугаар сард “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эзэмшилд шалгалт хийжээ. Плёнк гэх гялгар уутаар ухсан нүхээ бүтээсэн болоод газрын тосны хаягдлаа асгасан нь зарим хэсгээрээ урагдаж нэлээд олон га газрын хөрсийг их хэмжээгээр хордуулсан, Монголын төрийн байгууллагынхны шаардсан бичиг баримтыг хятад хэл дээр гарган өгч тохуурхсан гээд энэ компани Монголын зүүн хязгаарт үнэхээр Хятадын нэг хэсгийг бий болгосон нь үнэн аж. Уг нь Монгол Улсын албан ёсны хэл нь хятад биш монгол. Энд үйл ажиллагаа явуулж буй ямар ч улсын компани монгол хэлээр албан бичиг баримтаа хөтлөх учиртай. Гэтэл “Петро Чайна Дачин Тамсаг”-т энэ бүхэн хамаагүй тул дорнодчууд тэдэнтэй харилцахын тулд хятад хэл сурах л дутаж буй бололтой. Тэр ч байтугай талд ухаад хаясан нүх, булаад хаясан шорооныхоо ойр орчмыг аюултай бүс болохыг анхааруулсан пайзан дээрээ хүртэл хятад ханзаар бичсэн байсан гэнэ. Тэр анхааруулгыг нь жирийн монгол малчин уншаад ойлгохгүй, ямар нэгэн муу юм болбол хохь нь бололтой. Энэ мэт Монгол Улсын хуулиас гадуур олон зөрчлийг мэргэжлийн хяналтынхан илрүүлээд, 43 шаардлага бүхий албан бичгийг хүргүүлж, засаж залруулахыг “Петро Чайна Дачин Тамсаг” компанид шаарджээ. Хэрэв биелүүлэхгүй бол төрийн нэрийн өмнөөс хүлээсэн эрхээ эдэлж, Монгол Улсын хуулийн хүрээнд эцсийн арга хэмжээгээ авна гэж тус газрын дарга М.Өлзийчимэг хэлсэн. Гэвч энэ компанийг “Матрасов” шиг улаан нүүрээрээ хамгаалдаг хаацайлдаг хүмүүс аймгийн удирдлагад төдийгүй, Засгийн газрын өмнөөс хяналт тавьж хамтран ажиллах ёстой Газрын тосны газрынхан дунд байдаг тул хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна.
ЗАСГИЙН ГАЗРААС “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” –Т ТОМИЛСОН ТӨЛӨӨЛӨГЧ “УРВАСАН” УУ
“Петро Чайна Дачин Тамсаг” компанид Монголын төрийг төлөөлөн хяналт тавих үүрэгтэй бүрэн эрхт төлөөлөгч ажилладаг юм байна. 1991 оноос хойш буюу “Соко” компанийг газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж эхлэх үеэс л Монголын Засгийн газар төлөөлөгч томилон ажиллуулжээ. Энэ нь одоо ч хэвээрээ бөгөөд Г.Октябрь гэдэг хүн Засгийн газрыг төлөөлөн 17-18 жил ажиллаж буй гэнэ. Нутгийнхан энэ хүнийг өнөөдөр Засгийн газрын төлөөлөгч гэхээсээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн төлөөлөгч хэмээн дээр доргүй ойлгодог болжээ. Хориод жилийн өмнө прокуророор ажиллаж байгаад Дорнодод төвхнөсөн тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ нутгийн нэлээд хөрөнгө чинээтэй бизнесмений нэгэн болжээ. 500 гаруй хонь бас бус малаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанид шахдаг, компанийнх нь эзэмшил нутагт малаа бэлчээсэн малчдыг хөөж туудаг, хулгай зэлгийд хардан, шалгаж нэгждэг энэ компанийн “хоточ нохой”-ноос дутахгүй үнэнч хамгаалагч болсон талаар нь нутгийнхан ам уралдан ярьж байна. Монголын Засгийн газар, Монголын газар нутаг, Монгол ах дүүгээ харж хамгаалах нь байтугай хятадуудад “урвасан” гэх бүрэн эрхт төлөөлөгч Г.Октябрь гэгч энэ хүн хэн бэ? Засгийн газар, Газрын тосны газрынханд мартагдсан энэ хүн “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтан уу, манай Засгийн газрын төлөөлөгч үү? Ямартай ч аймгийн холбогдох төрийн байгууллагынхны мэдээллийг бид газар дээр нь нягтлахаар шийдэв. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг шалгах ИТХ-ын ажлын хэсгийн гишүүн Б.Хүрэлсүх бидэнд газарчлах, бодит байдлыг газар дээр нь танилцуулахаар хүч нэмэн, нэгдсэнээр бид Матад сумыг зорилоо. Матад сум аймгийн төвөөс 150 орчим км зайтай. Харин газрын тос олборлолтын гол цөм болох XIX талбай буюу бидний очих ёстой “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн камп хүртэл дахиад 100 орчим км...
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ БУЮУ ХӨМӨРСӨН ТОГООН ДОТОРХ МАТАД
Газар нутгийнхаа хэмжээгээр Матад сум аймагтаа тэргүүлдэг ч хөгжлөөрөө хамгийн буурай нь. Энд тэндгүй цацагдсан шагай мэт тарж байрласан хэдэн хашаа, шавар нь нурж халцайсан хоёр давхар гурав, дөрөвхөн байшин бидний зорьсон Матад сумын төв аж. Газрын тосны арвин их нөөцөөрөө дэлхийн 96 орноос 36-д жагсаж яваа энэ их баялгийн эзэд болох Матадынхан таг харанхуй. XIX зууны эхний хөмөрсөн тогоон доторх монголчуудын үеийг санагдуулна. XXI зуун гарсан ч эрчим хүчинд холбогдоогүй, лааны гэрэлд шар нар, бор өдрийг өнгөрөөж буй эндхийнхэн компьютер, интернэт байтугай үүрэн телефоны сүлжээнд ч хагас дутуу холбогддог аж. Дарга, түшмэл зэрэг төрийн хэдэн албан хаагчаас бусад нь гар утас ч үгүй бололтой юм билээ. Ийм нэгэн сум, тийм их газрын тосны нөөц илрүүлэн баялгийг нь ашиглаж буй компанитай хаяа залган өдөр, шөнө мэт ялгаатай нөхцөлд оршин байх нь баян, ядуугийн ялгааг мэдрүүлэх гэсэн мэт. Матадынхан миний нүдээр ийм л харагдсан. Харин одоо үүнийг түр завсарлаад “Петро Чайна дачин Тамсаг” компани дахь сурвалжлагаа үргэлжлүүлье.
Сумын төвд ирснийхээ маргааш үүрээр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг зорилоо. Нар хоргодсон нутаг хэмээн хатагинчуудын магтан дуулдаг Матадад төдийгүй Дорнодод үүр эрт цайх юм. Улаанбаатарынхны хувьд дуг нойрондоо ид дугжирч байх 03-04 цагийн үед үүр цайж, нар мандана. Тиймдээ ч эндхийнхэн их эртэч, өглөө зургаан цаг гэхэд ажил төрөл нь аль хэдийнэ цэгцэрнэ. Харин аймгийн төвийнхөн, төрийн албан хаагчдын ажил 08.00 цагт эхэлдэг юм билээ. МАЛЧИД “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ ДУРААРАА ЯВАХ ХОРИОТОЙ Зам дагуух малчдынхаар орж, үг сонсонгоо эрт газар дөхөхөөр сумын ИХ-ын дарга Энхмаа биднийг газарчлан хөдөллөө. “Ноолуурын үнэ сүүлийн хоёр жил 10-20 мянгаар хямдарсан. Газрын тосны том том даацын машинууд манай энэ хавиар өдөр шөнөгүй давхидгаас манай ямааны ноолуурт нарийн шороо их чигждэг. Тийм боло хоор ченжүүд шороотой гээд хямд авдаг” хэмээн бидний уулзсан анхны малчин Б.Наранболд ярив. Харахад 20 дөнгөж гарч байгаа юм уу даа гэхээр нас залуу ч IV багийн Засаг даргаар ажиллаж байжээ. Ажил үүргийнхээ дагуу багийнхаа нутаг дэвсгэрээр тойрохдоо “Петро Чайна дачин Тамсаг” компанийн эзэмшлээр нэг бус удаа явж байжээ. Гэвч төрсөн нутагтаа биш хүний ну тагт явж байгаа мэт хөөгдөж туугдан, хамаг цүнх саваа нэг жүүлээд буцдаг гэнэ. Ганц түүн тэй ч биш эзэмшлээр нь явж өнгөрөх гэсэн нутгийн залуу чуудтай бүгдтэй нь ингэж харилцдаг тул Петро Чайна гийнханд дургүй бололтой. “Өмнө нь “Соко”- гийнхон ажил ладаг байхдаа бидэнтэй ингэж харилцдаггүй байсан. Америк чууд хятадуудаас хамаагүй соёлтой, ядаж л хаа дуртай газраараа давхиад, газар нутаг сүйдлээд, шороо татуулаад байдаггүй” хэмээн “Соко”-гийнхонд ам сайтай байх аж. Гэхдээ “Петро Чайна дачин Тамсаг” компанийн хятадууд биш, харин тэнд хөлсөөр ажиллаж байгаа хамгаалалтын ажилтнууд болон өмнө нь нэр дурдаж байсан өнөөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Г.Октябрь нарын монголчууд өөрсдөө нутаг нэгтнээ ийнхүү гадуурхдагийг хэд хэдэн хүнээс сонслоо. Магадгүй энэ компани хятад стандарт, хятад журмаар ажилладаг болохоор тэнд ажиллаж буй хөлсний монгол ажилчид тэр заавар журмаар нь монголчууддаа ийм зан гаргадаг байлгүй. Түүнээс биш арай ч “муу” малчдыгаа төрсөн нутагт нь хөл тавиулахгүй хөөж туугаад, хулгай зэлгийд хардаад баймааргүй юм. Ийнхүү малчидтай уулзах замдаа нэг “баатарлаг” малчныг оллоо. Тэрбээр энд бараг л насаараа амьдарч байгаа Н.Шагдар гэдэг нэгэн бөгөөд хэсэг хятадууд саяхан урд уулынх нь энгэрийг ухаж төнхөөд, хайрга олборлоод байхаар нь буу барьж очоод гурав хоног сахиж, нүхийг нь буцааж булуулан хөөж явуулжээ.
“ДЭЭД ГАЗРААС ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ ТУЛ УУЛЗАХ БОЛОМЖГҮЙ”
Энэ мэт малчидтай уулзсаар “Петро Чайна дачин Тамсаг” компанийн “эзэмшил” нутгийн захад орж ирлээ. Энд тэндгүй хэрсэн, харваас хүнд даацын том машинууд давхидаг нь илт энэ өргөн салаа зам шууд Петро Чайна руу хүрдэг бололтой. Зам дээр тогтсон шалбаагт хар тос хөвж, наранд сааралтан харагдах нь энэ замаар өнөөх газрын тос зөөдөг цистернүүд давхидаг нь тодорхой. Үүнийг дагаж явсаар талд цайран харагдах ухсан том нүхний дэргэд ирлээ. Энхмаа даргын хэлснээр энэ нь газрын тосны шингэн хаягдлаа асгадаг, компанийнхны хэлдгээр техникийн нөхөн сэргээлт хийж буй талбай гэнэ. Ойролцоогоор 40х60–ийн харьцаатай 10-аад метр гүн газрын тосоор дүүрсэн энэ хар усанд нүд муутай нэг залуу унаж, амь насаа алджээ. Гадуураа ямар ч хашаа, хамгаалалтын торгүй энэ нүх хараа муутайд нь байтугай эрүүл саруулд нь харуй бүрийд харагдахааргүй аж. Ногоон брезэнтээр хагас дутуу бүрсэн энэ нүхэн дэх газрын тос онгорхой цоорхойгоор нь хөрс рүү нэвчин, тас хар болгожээ. Бензин тос үнэртсэн энэ шингэн хаягдлаар гүнээсээ хордсон энэ газарт дахиад өвс ургамал ургах нь юу л бол доо. Яг энэ газарт арван хэдэн жилийн өмнө анх газрын тос олгойдож, манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээжээр нь цагаан дээлээ мялааж байсан гэнэ. Цааш явах тусам “морин толгой” буюу “тогоруу” олширч, хаа сайгүй тонголзох нь газрын тос олборлож байгаа нь тэр аж. Бараг таван алхам хүрэхгүй газарт хэд хэдээр нь зоосон нь энэ хавь газрын тосоор арвиныг илтгэх мэт. Энэ бүгдийг үзэж харан, зураг авч, цааш явж байтал цагаан жийп давхиж ирлээ. Урт гэзгээ ардаа боосон бү дүүн залуу бидэнтэй хамт явж буй аймгийн ИТХ-ын тэр гүү лэгч Б.Хүрэлсүхтэй уулзан, бид зураг авч, удирдлагуудтай нь уулзах гэж зорьж явааг сонсчихоод буцаад давхив. Биднийг “эзэмшил” газарт нь дураараа сэлгүүцэхийг хамгаалалтынхан дурандаж мэдчихээд ийнхүү давхин ирсэн бололтой. Бид ч араас нь давхисаар “Петро Чайна дачин Тамсаг” компанийн Матад дахь төв байранд ирлээ. “Land-105”, “Land-200” мар кийн өнгө, өнгийн тав зургаан машин гаднаа сойсон, сэндвичин хавтан бүхий оффис, ажилчдынх нь байр сууц тохь, тухтай нь илт. Бидний хэрэг зорилгыг хамгаалалтынхан нь аль эрт мэдээлчихсэн бололтой, уулзалтын өрөөндөө оруулж, ус, ундаагаар дайлах зуураа “Захирал удахгүй орж ирнэ” гэв. 20 минут, 30 минут өнгөрлөө. Дарга захирлууд таг. Бидэнд үйлчлэх эелдэг залуу тун удалгүй орж ирээд “Дээрээс зөвшөөрөл аваагүй тул уулзах боломжгүй гэж захирал хэллээ” гэв. Энэ компанийн дотоод журмаар дээрээс зөвшөөрөл аваагүй, тэгээд бас энд ажиллах удирдамжаа урьдчилж өгөөгүй хэнийг ч хүлээн авах боломж гүй гэнэ. “Дээрээс” гэж хаанаас зөвшөөрөл авах ёстойг асуусан боловч тодорхой зүйл хэлсэнгүй. Монгол Улсын Засгийн газрын нэрээр орон нутгийнхныг далайлгадаг гэж сонссон болохоор бид Засгийн газраас зөвшөөрөл авах байсан юм болов уу, бүү мэд. Хаа хамаагүй тэнүүлчин биш, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, тус компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн гишүүн, Матад сумын ИХ-ын дарга зэрэг орон нутгийн удирдлагууд үйл ажиллагаатай нь бас танилцахаар ирсэн ч энэ вант улсад зөвхөн “дээд” газрын зөвшөөрөл үйлчилдэг нь үнэн аж. Ямартай ч нэгэнт 1000 орчим км замыг туулан, зорьж ирсэн болохоор Олборлолт хариуцсан Монгол талын захирал Баттулгын өрөөнд орлоо. Ирсэн зорилгоо танилцуулж, компанийн зүгээс байр суурийг нь сонсох хүсэлтээ хэлсэн ч “Газрын тосны газрын зөвшөөрөлгүй бол уулзахгүй” гээд өрөөнөөсөө бараг зугтах шахам гарав. Араас нь дагаж гарвал хажуудах байр руугаа ороод, нэг харахнээ нөгөө талын хаалгаар гараад “гүйгээд” алга болчихов. Захирлын араас “муур, хулгана” болж, хөөцөлдөөд нэмэргүй нь тодорхой болсон тул уулзалтын өрөө рүүгээ буцаж, Газрын тосны газраас энд томилолтоор ирж ажиллаж буй төлөөлөгч Д.Дэмбэрэлнямыг олдсон дээр нь “барьж авч”, бага ч гэсэн мэдээлэл авахаар орлоо. Тэрбээр энд олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавихаар Газрын тосны газраас томилогдон иржээ. Түүний хэлснээр өдөрт 5000 баррель газрын тос олборлож, 50 гаруй машинаар зөөж, экспортолдог юм байна. Байгаль орчны нөхөн сэргээлт, Монголд болон орон нутагт оруулж байгаа ашиг орлого, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэг эсэх, нутгийн иргэдтэй харилцах харилцаа гээд асуух, ярилцах зүйл их байсан ч тэрбээр тоймтой хариулт өгч чадаагүй.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ