Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хилчид дарга нараа хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцээд байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга нарт ялын дээд хэмжээ, Р.Энхжаргалд 25 жилийн хорих ял ногдуулсан.
Харин давж заалдах шатны шүүхээс шархадсан дэслэгч Ц.Сод-Эрдэнийн тухай зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтад буцаасан билээ. УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн прокурор, шүүхээс өгсөн нэмэлт ажиллагааг хийж дуусаад Сүхбаатар дүүргийн шүүхэд дахин шилжүүлжээ.
Үүний дагуу тус дүүргийн шүүхийнхэн хавтаст хэрэгтэй танилцаад дуусаж байгаа аж. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Хавтаст хэргийн бүрдэл хангагдсан гэж үзсэн. Шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг мөрдөн байцаагч нар бүгдийг нь хийсэн тул шүүх хурлыг ирэх сарын 6-нд хийхээр товлож байгаа” гэлээ.
Г.РАВЖАА