Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Мэндхүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Мэндхүүд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв.
Г.Мэндхүү нь 2009 оны 2 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “BSB сервис” ХХК-ийн кассын нярав М-ыг “захирал үлдэгдэл мөнгөө аваад хүрээд ир гэж байна” хэмээн хуурч ажлаас нь гаргаад, өөрийн эзэмшлийн 04-52 УБЭ улсын дугаартай, “Делика” загварын машинд суулган “Tedy” төвийн урд аваачин, ороолтоор хоолойг нь боож, скочоор амыг нь дарж, олон тооны гэмтэл учруулан санаатайгаар амь насыг бүрэлгэсэн юм.
Тэрбээр хохирогчийн цогцсыг машины хойд суудалд авч явж, Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Хажуу хошуу” гэх уулын модтой аманд нуун, хохирогчийн хувцас, эд зүйлийг Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг “Өндөр худаг” гэдэг газар шатаасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Мөн хохирогч эмэгтэйн хамгаалалтын хийн гар бууг замын дагуу хаяж, авч явсан мөнгийг нь Бээжинд сурдаг хүү болон А.Сүхдорж, М.Болдбаатар нарт өгсөн байна.