Манай улс хүнсний аюулгүй бус аюултай орон гэхэд болно. Үйлдвэрийн еэвэн дотроос цэнхэр гялгар уут, лаазалсан ундаан дотроос мах хүртэл гарч ирж байсныг нүдээр үзэж байсан. Гэвч өнгөрсөн мягмар гаригт ТВ8 телевизээр нэгэн хачирхалтай мэдээлэл гарсан нь “Онон трейд”-ийн “Онон” талхан дотроос хүн дүрстэй, золигт гаргадаг балин гарч ирсэн явдал юм. Энэ мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Шарын шашинд амин золиг гаргахдаа хэрэглэдэг энэ балингийн дор улаан, хар даавуу дэвссэн байсан аж. Талх худалдан авсан Сонгинохайрхан дүүргийн Бага наранд амьдардаг иргэн Г.Оюунтунгалагтай уулзлаа.
Талх худалдан авсан иргэн Г.Оюунтунгалаг
-Энэ талхыг та хэзээ, хаанаас авсан бэ?
-Манай ээжийнх XXI хорооллын дэнжид байдаг. Өнгөрсөн 21-ний өдөр би хүүхэдтэйгээ ээжийндээ өнжөөд орой гэртээ ирэх замдаа 24 цагийн “Мини маркет”-аас талх авсан. 22.00 цаг болж байсан. Тэгээд маргааш өглөө нь талхаа зүсэх гэтэл хугарсан. Дотроос нь хар, улаан даавуун дээр хэвтүүлсэн хамар, нүд, ам, хөл, гартай балин байсан. Хүн оршуулсан юм шиг маш эвгүй, аймшигтай санагдсан. Би айж цочирдоод энүүхэн урд байдаг хадам ээжийндээ орж хэлсэн. Тэгээд ийм бузар, булай юм гэж юу байдаг юм, телевиз дуудаад мэдэгдэх хэрэгтэй гэсэн.
-Бүтэн талхан дотор ийм зүйл байсныг анзаараагүй хэрэг үү?
Онон трейд талхны үйлдвэр "Миг" зочид буудалд байрладаг
-Бидний авсан талх дөрвөлжин, буриад талх л даа. Анзаарагдах юм байгаагүй. Талхны дээд хэсгийг зүсэж аваад, дотор нь тэр юмнуудаа хийгээд дөрвөн талд нь шүдний чигчлүүр зоочихсон юм билээ. Талхны дээд хэсгийг яг авсны таг шиг голоор нь хуваасан байсан. Манай нөхөр таксинд яваад, хааяа ганцаараа хонох үе байдаг. Өглөө нь манай найз ирэхээр нь талхаа зүсэж байгаад мэдсэн. Телевизийнхэн ирээд үзтэл нохой, шар шувуу, ууль шувууны толгойн дүрс хүртэл гарч ирсэн.
-Шошгон дээр нь он сар байсан уу. Танайх өмнө нь энэ талхыг авч байсан уу?
-Зургадугаар сарын 19-нийх байсан. Анх удаа авсан чинь ийм зүйл таарлаа.
-Үйлдвэрлэгчид нь юу гэж байна. Уулзсан уу?
-Телевиз дуудсаныхаа дараа шошгон дээрх утасны дугаараар холбоо барьж уулзсан. “Онон трейд”-ийн захирал өөрийнх нь үйлдвэрийн талх мөн байна гэсэн. Тэгээд цагдаагаар шийдвэрлүүлэхээр тохироод, хорооны цагдаа дээр очтол дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст ханд гэсэн. Ингээд дүүргийн Цагдаагийн хэлтсийн хошууч н.Ганболдтой уулзсан.
Цагдаа нь “Онон трейд”-ийг гомдолтой байгаа бол өргөдлөө өг гэсэн. Талхны үйлдвэрийн захирал нь манайх бизнес хийх гэж байгаа хүмүүс юу гэж ийм юм хийж, худалдан авагчаа алдахыг хүсэх вэ дээ гэж байсан. Бас 21-нд тус дэлгүүрт талх хүргэж өгөхөд өмнөх өдрийн үлдэгдэл байгаагүй гэж хэлсэн. Би ч гэсэн нялх хүүхэдтэй хүн, ийм муухай юм гэртээ хонуулчихсандаа сэжиглээд “Онон трейд”-ийн захирлаас ном уншуулж, гэр орныг минь ариусгаж өгөхийг хүссэн. Мини маркет-д хүмүүс ороод өөрсдөө үйлчлүүлдэг болхоор хэн нэгэн ороод тийм талх тавьсан ч байж магадгүй. Цаашид иргэд талх авахдаа хэлбэр дүрсийг нь сайн харахгүй бол өөр ямар ч зүйл байгаа юм билээ гэв.
Ингээд бид уг талхыг борлуулсан 24 цагийн “Мини маркет”-ийн худалдагч Д.Оюунцэцэгтэй уулзахад “Манайх “Онон трейд”-ээс 10-аад хоногийн өмнөөс талх авч эхэлсэн. Өнжөөд 5-6 талх авдаг. Ямар нэгэн хүн талх аваад буцаасан тохиолдол байхгүй. Тэдний түгээгч нь авчирсан талхаа өөрсдөө өрөөд өгчихдөг юм” гэлээ. Тус дэлгүүрт камерийн хяналт байхгүйгээс гадна талх, нарийн боовны лангуу нь дэлгүүрийн буланд, худалдагчаас зайтай юм билээ. “Онон трейд”-ийн захирал Б.Отгонбаяртай уулзлаа.
-Танай компани өдөрт хэчнээн талх, хэдэн дэлгүүрээр борлуулдаг вэ?
-Дорноговь аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаад хоёр сарын өмнөөс хотод ирээд одоо л жигдэрч байна. Өдөрт ойролцоогоор 500 орчим талх 60-аад дэлгүүрт тарааж өгдөг. Гурван ажилтантай. Би эхнэртэйгээ талхаа өөрсдөө түгээдэг.
-Танай талхан дотроос гарсан зүйлийн талаар та мэдсэн байх?
-Бид дөнгөж хүмүүст танигдаж эхэлж байна. Юу гэж өөрсдөө ийм зүйл хийх вэ дээ. Тэр талхыг авсан хэрэглэгчээс уучлалт гуйж байна. Миний бодлоор хэн нэгэн санаатай хийсэн байх. 24 цагийн “Мини маркет” дэлгүүрт 19-ний өдөр манай эхнэр, 21-нд би өөрөө талхаа хүргэж өгөөд лангуун дээр нь өрж өгсөн. 21-нд очиход өмнөх талхнаас үлдэгдэл байгаагүй. Гэтэл тэр хүн 21-ний орой 19- ний талх авсан байгааг их гайхаж байна. Би шашин шүтлэгт муу. Талх авсан хэрэглэгчид ном уншуулахаар Гандан орохдоо асуухад энэ үйл нь ямар нэгэн хүний амийг хаахын тулд хийдэг гэсэн. Тэгэхээр хэн нэгэн хийгээд тавьчихсан байх гэж таамаглаж байна.
-Цагдаагийнхан юу гэж байна?
-Хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, уг талх, доторх зүйлсийг нь өгсөн. Гэхдээ манай талхыг хүн идээгүй, хордож, хохироогүй, бие эрхтнийг нь гэмтээгээгүй учир хэрэг үүсгэхэд хүндрэлтэй байдаг гэсэн. Юутай ч хийсэн хүнийг нь олбол хариу хэлнэ гэсэн. Энэ мэдээллээс болж манай хоёр
Э.Харцага FOCUS
өдрийн борлуулалт маш муу байлаа. Хэн хийсэн нь тодорхой бус байхад телевизээр цацаж, манай компанийн нэр хүндэд нөлөөлсөнд гомдолтой байна.
-Танайд ажиллаж байгаад гарсан, хэл ам хийсэн хүн байгаа юу?
-Тийм асуудал огт байхгүй. Манай талхыг үндсэндээ авс болгон ашиглаад дотор нь хүн дүрстэй балин оршуулсан байсан. Янз бүрийн үздэг хардаг хүмүүс олширсон гэсэн. Нялх нойтон хүүхэдтэй хүн тийм зүйл хийнэ гэж бодохгүй байна. Манай үйлдвэрт хамаатнууд ажилладаг учир ийм зүйл хийнэ гэж бодохгүй байна гэв.
Шарын шашинд амин золиг гаргах гэсэн зан үйл байдаг. Энэ нь амь насны гарзтай хүнд гурилаар хүн дүрстэй зүйл хийгээд даавууг хувцас болгон өмсгөөд тухайн хүний муу зүгт хаядаг үйл аж. Энэ нь эрлэгийн элчийг хуурч байгаа гэж үздэг юм байна. Монголчууд шарын шашин шүтэж энэ мэт зүйл хийдэг ч хүнсний үйлдвэр, хүний өдөр тутмын хэрэглээ болох талх үйлдвэрлэж байгаа газрыг яагаад сонгосон нь анхаарал татаж байна.
Бид чухам юу болсон, хаанаас талх авсан, талхан дотроос гарсан зүйл хаана байгааг тодруулах гэж багагүй хугацаа зарцууллаа. Учир нь энэ тухай мэдээлэл гарсны дараа хэн нэгнийг буруутгасан хэрэг болно, цагдаад эрүү үүсгэх магадлалтай гэж танил нь хэлсэн учир айсан худалдагч мэдээлэл өгөхийг хүсэхгүй байсан юм.Сэтгэл санааны хохиролд учирсан иргэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст очиход хошууч н.Ганболд ямар гомдолтой байгаа талаар өргөдөл гаргахыг зөвлөжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ганболдтой холбогдон ямар нэгэн мэдээлэл ирсэн талаар тодруулахад “Манай цагдаагийн хэлтэс өглөө бүр шуурхай хурал хийж гэмт хэргийн гаралт тухайн өдөр ямар байсан талаар мэдээлэл хийж, танилцуулдаг.
Өнөөдөр өглөөний хурал дээр ийм мэдээлэл огт яригдаагүй. Хэрвээ манай дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдээлэл ирж, албан ёсоор хүн очсон бол заавал мэдээлэл нь яригдах ёстой. Гомдол ирсэн үед бид хуулийн дагуу асуудлыг шийдэх болно” гэв.
Ийм ёс бусын, сэтгэл санаа цочирдом хэрэг гарчихаад байхад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагынхан мэдээгүй сууж байгаа нь гайхалтайв
Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам ч асуудлыг анхаарах ёстой. Манайхан л жижиг, сажиг зүйл гээд тоодоггүй болохоос гадаадын ямар нэгэн оронд ийм тохиолдол гарсан бол үүнийг хийсэн хүн нь гэмт хэрэгтэн болж, иргэдийнх нь нүд орой дээрээ гарах байсан.
Тухайлбал, хэдэн жилийн өмнө Япон улсад Хятадаас экспортолдог баншнаас цаасан хайрцагны өөдөс гарч энэ талаар бүтэн жил шуугисан. Тэр ч бүүхэл Хятадаас экспортолдог бүтээгдэхүүнээ хүртэл зогсоож байсан. Хүний идэх хоолон дотор ямар нэгэн хог хаягдал байна гэдэг хүний эрүүл мэнд, бие эрхтэн, сэтгэл санааны эсрэг чиглэсэн гэмт хэрэг мөн.
Хутгалж, зодож, хулгайлж, танхайрсныг л гэмт хэрэг гэж үзэх учиргүй. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдэх, ямар шийтгэл, хариуцлага ногдуулахыг ч бодох, боловсруулах ёстой болов уу.
Х.Оюунсүрэн, Р.Оюунцэцэг