Нийслэлийн Баянгол дүүргийн XV хорооны нутаг, 12 дугаар байранд гурван хүүхэд мансуурч байгаад нэг нь амиа алджээ. Тус байрны ойролцоох орон сууцанд амьдардаг Б, Х, Ц нар дэлгүүрээс ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий худалдан авч орцонд түүнийгээ сорж, хэрэглэсэн байна. Удалгүй Б инээд алдан гүйж эхэлснээ гэнэт ухаан алджээ. Энэ үед найз нар нь тусламж дуудаж, Яаралтай тусламжийн төвийн машинаар эмнэлэгт хүргэсэн ч нас барсан байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр шингэрүүлсэн хийд хордож амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан талаар холбогдох байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлстийн нэгэн ажилтнаас тодруулахад “Тус дүүргийн ерөнхий боловсролын нэгэн дунд сургуулийн 11 дүгээр ангийг хамт төгссөн 17- 18 настай гурван хүүхэд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий сорж мансуурч байгаад нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Б нь уг хэрэг явдал болохын өмнө найз Ц, З нартайгаа нийлж хий үнэрлэж мансуурсан юм билээ. Тэгээд үдэш нь Ц, Х нартай нийлж үнэрлэхээр тохиролцсон байна.
Ингээд хажуугийнхаа дэлгүүрээс хий худалдан авчээ. Хүмүүсээс шингэрүүлсэн хий сордог тухай сонсож, хэрхэн хэрэглэдэг аргыг нь заалгасан юм билээ” гэв. Монгол Улс сүүлийн хэдэн жилд хар тамхи, мансууруулах бодисын өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтаад байгаа. Учир нь залуустаа үлгэр дуурайл болох ёстой урлаг соёлын “од” гэх залуусаас авахуулаад дунд сургуулийн сурагчид хүртэл мансуурч, хялбар аргаар мөнгө олох гэсэн нэг нь түүнийг нийлүүлж байгаа нь нууц биш.
НҮБын Мансууруулах бодист хяналт тавих албанаас гаргасан тайланд өнөөдөр дэлхийд 269.4 сая хүн мансууруулах бодис хэрэглэдгийн 166.5 сая нь манай оронд элбэг ургадаг олсны төрлийн ургамал болох каннабисийг, 24.7 сая нь сүүлийн үед манай залуус өмнөд хөршөөс оруулж ирж буй нийлэг аргаар гаргаж авсан экстази гэх бодис хэрэглэж байгаа гэж дурджээ. Эндээс харахад манай улсад орж ирж буй болон ургаж байгаа ургамал, түүний зэрэгцээ, цавуу, гутлын тос, шингэрүүлсэн хий, шатахуун үнэрлэн мансуурч байгаа залуусын талаар төр засаг, холбогдох байгууллагаас дорвитой арга хэмжээ авах цаг болжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хууль хяналтаа чангатгах, иргэдэд хар тамхины аюулыг ухамсарлуулахгүй бол манай иргэд харьд ч, эх орондоо ч мансууруулах бодисын “чимээгүй дайнд” өртөн хохирсоор байна.
Мансууруулах бодис зөөвөрлөж яваад га даад ын улс оронд баригд сан иргэдийн 90 хувь нь эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгаа гэдгийг хууль хяналтын байгууллагынхан бидэнд мэдээлсэн. Олонх нь өрх толгойлсон, олон хүүхэдтэй, санхүүгийн эх үүсвэрээ олж авах, гэр бүлээ тэжээхийн тулд амь биеэ зориулж байгаа харамсам дүр зураг харагдаж байгаа юм. Манай иргэд ихэвчлэн мансууруулах бодис зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны тавдугаар сарын байдлаар БНХАУ-д ял эдэлж байгаа манай улсын иргэн 19 хүний 10 нь хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон байна.
Ер нь гадаадад манай улсын 27 иргэн хар тамхины хэрэгт холбогдон шалгуулжээ. Тодруулбал, Унгарт нэг (эрүүгийн хэрэгт шалгуулж байгаа), Казахстанд гурав (Хоёр нь 17 жилийн ялаар шийтгүүлж, нэг нь суллагдсан), ОХУ-д гурав (нэг нь шалгуулж, нэг нь ял эдэлж, нэг нь суллагдсан), БНХАУ-д 13 (нэг нь ялын дээд хэмжээ, нэг нь хугацаагүй хорих ял, 15 жилийн хорих ялаар гурав, мөрдөн байцаалт, прокурорын шатанд долоо), Бангладешт нэг (шүүх хурал нь болох гэж байгаа) хүн байгаа аж. Харин манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 1995 оноос хойш 2009 он хүртэл 215 хүн холбогдсоны 34 нь гадаадын иргэн байжээ.
Тухайлбал, ОХУ-ын 15, БНХАУ-ын 10, Вьетнам, АНУ, Молдавын иргэн тус бүр хоёр, Ирланд, Казахстан, Пакистаных тус бүр нэг байжээ. Манай улсад зөвхөн өнгөрсөн жил хар тамхи мансууруулах бодистой холбоотой 10 хэрэг гарсан бөгөөд үүнд 38 хүн холбогдсон бол энэ оны эхний таван сарын байдлаар зургаан хэрэгт 27 хүн холбогдон шалгуулж байна.
Монгол залуус найз нөхөдтэйгээ нийлж дарвин энэ төрлийн бодисыг хэрэглэж, улмаар донтох явдал гарч байгаа бөгөөд хар тамхи гэгч чимээгүй тахлаас болж, гэр бүл, улс үндсээрээ мөхөж болзошгүй гэдгийг хууль хяналтын байгууллагаас ард иргэддээ анхааруулж байгаа юм.
Г.Равжаа