Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга асан Д.Баярсайхан гэдэг эмэгтэйг хууль хяналтын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ. Энэ талаар АТГ, Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжуудаас тодруулахад, “Түүнийг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн” гэхээс илүү мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр, түүнийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Мөрдөн байцаалтаар авлига авсан нь нотлогдож эхэлсэн гэнэ.
Гэвч зарим хүн “Түүнийг улс төрийн зорилгоор цагдан хорьж байгаа. Сонгинохайрхан дүүргийн МАХН, АН-ын хооронд хэл амтай, хэрүүл тэмцэлтэй байгаа бөгөөд үүнээс улбаалан дүүргийн МАХН-ын дарга Д.Баярсайханыг гүтгэсэн байж магадгүй” гэж үзэж буй аж.
Хууль хяналтын байгууллагын нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж бидэнд “Сонгинохайрхан дүүргийн ИТХын дарга асан, дүүргийн МАХН-ын дарга Д.Баярсайханыг ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэн цагдан хорьсон. Түүнд авлига өгсөн хүн нь “Сити такси” компанийн захирал Ц.Сүхбаатар. Тэрбээр өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд Засаг даргыг хахуульдсан хэрэгт шалгуулж байгаа” гэсэн юм.
Г.Равжаа