Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Үндэсний түүхийн музейн сан хөмрөгч Б.Энхбат, Замын- Үүд-Эрээний хооронд тээвэр хийдэг жолооч Ж.Мөнхбат нарт холбогдох хэргийг хэлэлцлээ.
Б.Энхбат тус музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2004-2007 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд хариуцаж байсан сан хөмрөгөөсөө удаа дараагийн үйлдлээр 410 нэрийн 1004 ширхэг түүхийн үнэт үзмэрийг завшиж, худалдан улсад 10.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм.
Харин Ж.Мөнхбат нь 2007 оны наймдугаар сарын 2-нд Үндэсний түүхийн музейн үзмэр түүх, соёлын дурсгалт зүйл болох хүний толгойн суварга хэлбэртэй боолт, үсний мөнгөн хавчаар зэрэг 14 нэрийн 22 ширхэг 1.2 тэрбум төгрөгийн эд зүйлийг “УАЗ-469” маркийн 72-88 ДГА улсын дугаартай автомашиндаа нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн аж.
Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг энэ оны хоёрдугаар сарын 1-нд анхан шатны журмаар хэлэлцээд итгэмжлэн хариуцсан эд зүйлсээ завшсан гэсэн үндэслэлээр Б.Энхбатад гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар гурван жилийг өршөөн хасч, долоон жил хорихоор шийдвэрлэсэн юм. Харин Ж.Мөнхбатад эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял ногдуулж, мөн гурван жилийг өршөөн хассан билээ.
Улмаар Б.Энхбат болон түүний хулгайлсан үнэт эдлэлийг худалдан авч хил давуулдаг байсан, уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцсон Ё.Дамдиндорж нараас тус бүрээс нь 4.5 тэрбум төгрөг гаргуулж Үндэсний түүхийн музейд олгохоор шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн шүүх энэ хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд хэлэлцээд Б.Энхбат, Ж.Мөнхбат нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ. Харин есөн тэрбум төгрөгийн хохирлыг бүгдийг нь Б.Энхбатаас гаргуулахаар шийдвэрлэсэн аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар дээрх хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон биечлэн эдлэх болон эд хөрөнгө хураах ялыг хэвээр үлдээж хохирлын 4.5 тэрбум төгрөгийг Б.Энхбат, үнэт эдлэлийг худалдан авч борлуулдаг байсан Ё.Дамдиндорж нараас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүү- хийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Г.Равжаа