Монголыг зорьсон хүмүүнлэгийн аялал Лондон хотоос хөдөлсөн тухай бид өмнө мэдээлсэн. Харамсалтай нь аялал замаасаа буцах гэж байгаа нийтлэлийг Их Британийн цахим хуудсууд нийтэлжээ.
Учир нь монголчуудад тусламжийн бараа хүргэхээр явсан гурван залуу өнгөрөгч мягмар гаригт Дарлинтон хотод амсхийж байх хооронд нь чухал зүйлс ачсан машиныг нь хулгайч аваад талийсан гэнэ.
Энэ тухайгаа Маркус Ниммо “Хүүгийнхээ цагаан “Форд”-ыг цэргийн хэрэгслийн дэлгүүрийн гадаах талбайд 12.30 цагийн үед байрлуулаад, аяллын хэрэгсэл авахаар дэлгүүрт орсон юм. Дэлгүүрт ороод минут ч болоогүй байхад машины дугуй чихрах чимээ гарч, эргэн харвал машиныг минь хэн нэгэн жолоодоод, Томпсоны гудамж уруудан давхиж байсан” гэжээ.
Аялагчид нийт 16.000 км зам туулахаар төлөвлөж байсан бөгөөд Улаанбаатар дахь гэр оронгүй иргэдэд туслах зорилготой байжээ. Хэдийгээр замаасаа буцсан ч багийн гишүүд ачааны машинаа олж, аяллаа цааш үргэлжлүүлнэ хэмээн найдаж байгаа юм байна.