Сьерра Леон дахь НҮБ-ын Тусгай шүүхийг хамгаалж буй манай цэргийн багийн IX ээлжийн захирагч, дэд хурандаа Д.Содномцог удирдлагадаа байгаа алба хаагчидтайгаа дүрмийн бус харилцсан тухай дуулдах боллоо. Бидний авсан мэдээллээр тэрбээр шөнө амарч байсан энхийг сахиулагчдаа согтуудаа дарамталж, гарч жагсахыг тушаасан байна. Цэргүүд даргынхаа тушаалыг биелүүлсэн ч багийн захирагчийн орлогч тэргүүтэй цөөн хүн эсэргүүцсэн аж. Үүний улмаас дэд хурандаа Д.Содномцог өөрийн орлогч, дэд хурандаа Д.Энхболдыг албан тушаалаас нь өөрчилж, жирийн буудагч болгожээ. Энэ талаар ЗХЖШ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм явдал болох нь болсон юм билээ. Тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багаас энэ тухай мэдээлэл ирсэн. Гэхдээ дэд хурандаа Д.Энхболдыг албан тушаалаас нь өөрчлөх эрх зүйн үндэс багийн захирагчид байхгүй. ЗХЖШ-аас багийн удирдах бүрэлдэхүүнийг томилдог журамтай” гэлээ.
Дарга нь цэргүүдтэйгээ дүрмийн бус харилцдаг, дарамталдаг, шөнө болон халуун наранд гаргаж жагсаан, удаан зогсоож дэглэдэг явдал энхийг сахиулагчдын өмнөх ээлжүүдэд ч гарч байсан аж. Зарим цэргийн алба хаагч ариун цэврийн өрөөнийхөө хананд “Би яах гэж цэргийн хүн болов оо” хэмээн бичсэн байжээ.
Цэргийн багийн захирагчид цэргүүдээ “Та нарын авах мөнгөнөөс чинь хасуулчихаж чадна шүү” хэмээн дарамталдаг явдал бий гэнэ. Дэд хурандаа Д.Содномцог, Д.Энхболд нар энхийг сахиулах ажиллагаанд явахын өмнөөс л хоорондоо таарамж муутай байсан аж. Д.Содномцог Д.Энхболдоос 10 гаруй дүү, 1990- ээд оны эхэн үед БХИС төгсөж, анги салбарт ажиллаж байгаад БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Цэргүүдтэй дээрэнгүй харилцдаг гэж БХЯ, ЗХЖШ-ын зарим эх сурвалж өгүүллээ.
Харин Д.Энхболд 1984 онд БХИС төгссөн, түүнээс хойш анги салбарт ажиллаж байгаа, ажилласан жил, туршлага, хүнтэй харилцах чадварын хувьд багийн захирагчаасаа илүү гэх. Гэхдээ удирдлагатайгаа муудалцвал “Би энэ ажлыг чинь хийхгүй, буудагч болно” гээд гараад явчих зантай хүн гэж мөрдэс нэгт нөхөд нь тодорхойлж буй юм.
Цэргийн багийн захирагч, орлогч нарын харилцааны асуудал Батлан хамгаалахын сай дад хүрсэн бололтой, газар дээр нь очиж шалгахаар өөрөө явах гэж байгаа талаар мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ тухай БХЯ-ны албаны хүнээс тодруулахад “Сайд гадагшаа явах гэж байгаа тухай бид мэдээгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Дээрх мэдээллүүдийн талаар ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнайгаас тодруулахад “Ийм үндэслэлгүй мэдээлэл цацаж буй нь бидний ажилд саад хийх гэсэн хүмүүсийн явуулга. Сайд УИХ-ын гишүүдтэй долдугаар сард Сьерра Леон явахаар төлөвлөж байснаа Судан явах цэргийн эмнэлгийн багийг үдсэний дараа явахаар болсон байх” гэлээ.