Нийслэлийн 53-р сургуулийн сурагчид энэ оны дөрөвдүгээр сарын 09-нд үдийн цайндаа хордсон үйл явдал болсон. Тус газарт МХЕГ-аас шалгалт хийхэд Мон сүү ХХК-ий сүүнд хордсон болох нь тогтоогдсон юм. Түүнээс болж олон айлын бяцхан үрс эмнэлэгт хэвтсэн. Гэвч тэдний хоёрынх нь биеийн байдал муу, одоо болтол эмнэлэгт хэвтсээр байна. Тэднийг эмч нар химийн хүчтэй элементэд хордож, тэрхүү хор ходоодонд нь шууд орсноос ходоод нь шархалж, цөс томорч, бөөр үрэвссэнээс цус нь багадсан байна гэсэн онош тавьжээ.
Одоогоор эмчилгээний зардалд өч төчнөөн мөнгө орж байгаа ба нэг охиных нь эцэг эх хоёулаа ажилгүй тул өөрсдийн сүүлчийн хөрөнгө хашаа байшингаа хүртэл зарж, айлын хашаанд хөлсөөр суухдаа тулсан гэнэ.
Харин тэд Мон сүү ХХК-аас санхүүгийн тусламж хүсэхэд танай хүүхэд хууч өвчтэй байсан ч байж болно ш дээ, шүүх хурал дээр уулзъя гэхээс өөр юм хэлээгүй ажээ.