Зарим автобусны жолооч зорчигчоо булаацалдах, эсвэл хэн нэгнээсээ өрсөж буудалд зогсох гэсэн өрсөлдөөнөөс болж осол гарсаар байна. Өнгөрөгч бямба гаригт гэхэд л Сүхбаатар дүүргийн I хороо, МУБИС-ийн зогсоол дээр авто бусны буудал булаацалдсан хоёр жолооч хэн хэндээ шаралхан зүтгэснээс осол гаргажээ.
Дээрх автобусууд ямар компанийн болохыг ЗЦГын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сүрэнжаваас тодруулахад, “Тэнүүн Огоо” компанийн “Daewoo BS-106” маркийн 45-31 УНБ улсын дугаартай автобусны жолооч хурд хэтрүүлэн “Автобус 2” компанийн “Daewoo BS- 106” маркийн 08-69 УБЧ улсын дугаартай автобусны араас мөргөсөн.
Уг хэргийг шалгаж байгаа тул одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Нэгэн зорчигчийн мэдээлснээр нэг автобус нь 30 гаруй хүнтэй явж байсан автобусыг араас нь мөргөснөөс хэд хэдэн хүн гэмтсэн аж. Тэдний дундаас хоёр хүн зөөлөн эдийн гэмтэлтэй тул Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж анхны тусламж авсан байна.
Э.Ган-Очир