Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр хил зөрчигчид манай улсын нутагт нэвтрэх үеэр тэднийг илрүүлэхээр мөрдсөн хилийн цэргийн ахлагч Л.Тогтмолыг буудаж шархдуулсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд гарсан. Манай хилчин тэр даруйдаа Тувагийн Кызыл хотод нисдэг тэргээр хүргүүлж, эмчлүүлснээр бие нь сайжирсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Манай хилчдийн өөдөөс галт зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн ОХУ-ын Тувагийн харьяат иргэдийг тус улсын тал эрэн сурвалжилж байсан ч тухайн үед олж чадаагүй юм. ОХУ-ын Хилийн алба болон бусад хууль хяналтын байгууллагаас саяхан манайд “Хил зөрчиж, хилийн цэргийн алба хаагчийг шархдуулсан зэвсэгт этгээдүүдийг олж баривчиллаа” гэсэн мэдээлэл ирүүлжээ.
ОХУ-ын Тува улсын харьяат хоёр этгээд гэмт хэрэг хийснээсээ хойш ууланд бүгж байсан бөгөөд тайгад урцанд амьдарч байсныг нь тус улсын хуулийн байгууллагын тусгай ажиллагааны дүнд олж тогтоон саатуулсан аж.
Г.РАВЖАА