Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн Д.Батхуяг нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн ч түүнийг тойрсон дуулиан намжихгүй байна. Д.Батхуяг “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхдээ 1.2 тэрбум ам.долларын үнэ бүхий 5261Х дугаартай лицензийг нь хахуульд авсан нь шүүхээр тогтоогдсон. Уг лицензийг “Витафит” группийн захирал, найз С.Жаргалсайханаараа дамжуулж, Н.Бат-Ирээдүй захиралтай “Зэлмэ” компанид шилжүүлсэн аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг хэргийг шалгах явцдаа “Зэлмэ” компанийн захирал Н.Бат-Ирээдүйн гэрт нэгжлэг хийж, 11 сая ам.доллар хураан авсан гэх мэдээлэл байна. Энэ тухай баттай эх сурвалжаас лавлахад “Н.Бат-Ирээдүйг яллагдагчаар татаж, гэрт нь нэгжлэг хийх үед их хэмжээний мөнгө, валют байсан нь үнэн. Хавтаст хэрэгт энэ тухай баримт бий. Доллар бус төгрөг, юань байсан” гэв.
Харин өөр нэг эх сурвалж “Бизнес эрхэлдэг хүн ийм хэмжээний мөнгө хадгалж байх боломжтой гэж хууль хяналтын байгууллагаас үзсэн” гэлээ. Зарим эх сурвалж “Уг мөнгийг нь шалгах ёстой байсан. Тус компанийн дансаар дамжуулж “Саусгоби сэндс”-ийнхэн мөнгө угаасан байж болзошгүй гэж шалгаж байгаа шүү дээ. Дансыг нь ашиглахын тулд ийм хэмжээний хөрөнгө оруулсан байхыг үгүйсгэхгүй” гэв.
Г.РАВЖАА