Хууль зүйн сайдын өнгөрсөн сарын 31-ний тушаалаар цагдаагийн байгууллагаас олгодог гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг тодорхойлдог лавлагааг олгохгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ лавлагааг цагдаагийнхан 20 байгууллагад олгож байхаар тусгасан байна. Ингэхдээ тухайн лавлагааг шаардсан байгууллагынхан иргэдийн ургийн овог, эцэг, эхийн нэр, регистрийн дугаар зэргийг бичсэн албан бичгийг ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвд илгээж, мэдээлэл авахаар болоод байгаа юм.
Энэ тухай өчигдөр ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Иргэдэд ял шийтгүүлсэн эсэх лавлагааг олгохгүй. Шүүх, прокурор, төрийн албан тушаалд томилох төрийн байгууллагууд, СЕХ болон нэр дэвшигч, Монголбанк, банк үүсгэн байгуулагч, АТГ, СЗХ, шат шатны Засаг дарга нар, иргэний бүртгэлийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, татвар, ГИХАЭГ, дүүргүүдийн цэргийн хэлтэс, гэрээт болон хувийн хамгаалалтын албаныхан гэх мэт 20 байгууллага албан бичгийн үндсэн дээр тодорхойлолт авах боломжтой” гэв.