Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь “Хадгаламж” банкинд өнгөрсөн ням гаригт гэмт этгээд халдаж, боож багцалсан мөнгөнөөс хоёр сая төгрөг авч зугтсан хэрэг гарсан. Тус суман дахь Цагдаагийн хэлтсийнхэн энэ хэргийн талаар дараах мэдээллийг өгсөн юм. Энэ сарын 3-ны ням гаригийн 19.25 цагт нүд, амныхаа хэсэгт цоолсон хар малгай өмссөн 160 см орчим өндөртэй, хар хүрэм, жинсэн өмд, улаан, хар хосолсон өнгөтэй пүүз өмссөн хүн Замын-Үүд сумын нэгэн зочид буудлын өрөө түрээслэн ажилладаг “Хадгаламж” банкны тооцооны төвд халдлаа. Бид гэмт этгээдийг биеийнх нь хэлбэр, хоолойных нь өнгөнөөс 30 орчим настай, эмэгтэй хүн болов уу гэж үзэж байгаа. Тухайн үед банкинд гурван эмэгтэй теллер мөнгөө багцалж тоолон, лангуун дээрээ тавьж байсан юм билээ.
Банкныхан уг нь гэрээт харуул хамгаалалтын ажилтантай ч хэрэг гардаг өдөр тэд амарч, банкны жолооч нь хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байсан гэсэн. Хэрэг гарах үед жолооч бусад салбараасаа орлогын мөнгийг нь хураахаар яваад эзгүй байжээ. Теллерүүд түүнийг ирэхийг хүлээн хаалгаа онгорхой байлгаж байсан бололтой юм. Тэд “Хоолой нь сөөнгөдүү эмэгтэй хүн байсан, мөнгө аваад зугтахдаа нэг боодлыг нь унагаад авалгүй гарч гүйсэн” гэж мэдүүлж байгаа. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж буй ч одоогоор сэжиглэсэн хүнгүй байна гэв. Хэдийгээр банкинд халдсан хэргийг гэмт этгээд ганцаараа үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй ч харанхуй гудамжинд түүний хамтрагч хүлээж байсан ч байж болох юм гэж эх сурвалж өгүүлэв. Уг нь банк хамгаалалтын 2-4 ажилтантай байх ёстой аж. Гэвч банкинд халдсан хэд хэдэн тохиолдолд хамгаалалтын ажилтан гэж ганц хүн л үүрэг гүйцэтгэж байсан аж. Банкны хамгаалалтын ажилтнуудын нэг нь камераа хянаж, нөгөө нь үйлчилгээний танхимд гэх мэтээр үүрэг гүйцэтгэх ёстой аж.
Өнгөрсөн жил Налайх дахь ХААН банкинд халдсан хэрэг гарахад үйлчилгээний танхимдаа хамгаалагч нь ажиллаж байгаад бусад хэсэг рүүгээ анхаарал хандуулж чадаагүй гэдэг. Мөн 2003 онд “Анод” банкны салбарт зэвсэгт этгээд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдэх үед хамгаалагч нь бас л ганцаараа ажиллаж байсан юм билээ. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Банкинд халдсан хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэг гарахад банкны хамгаалалт сул байсан нь нөлөөлсөн. Банкууд орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдож, харуул хамгаалалттай байранд байх ёстой атал Замын-Үүдийн банк зочид буудлын нэг өрөөнд, хамгаалагчаа амраагаад үйл ажиллагаа явуулж байжээ” гэсэн юм.
Г.РАВЖАА