Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон Д.Батхуяг нарын дөрв өн хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх нийт 39 цаг хуралдаж байж шийдвэрлэлээ. Бид өмнөх дугаартаа улсын яллагч тэдэнд ямар ял оноох санал гаргасан талаар мэдээлсэн. Анхан шатны шүүхээс АМГ-ын дарга асан Д.Батхуяг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ҮАБЗ-өөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олгохыг хязгаарлах шийдвэрийг зөрчиж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн 108 лиценз хууль бусаар олгосон, “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн хугацаа дуусаж, АМГ-ынхан цуцлах дүгнэлт гаргаад байтал Д.Батхуяг дөрвийнх нь эрхийг сэргээж, 5261 дугаартай нэг тусгай зөвшөөрлийг авлигад авахдаа Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Л.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, “Зэлмэ” компанийн захирал Н.Жаргалсайханы нэр дээр лицензийг шилжүүлсэн нь нотлогдсон хэмээн үзжээ.
Мөрдөн байцаалтын шатанд 108 тусгай зөвшөөрлөөс хоёрыг нь Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 106 зөвшөөрлийг Баянгол дүүргийн шүүхээс хүчингүй болголоо. Мөн Д.Батхуягийн авлигад авсан 5261Х дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, төрд буцаан олгохоор болсон байна. Шүүгдэгч Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.БатИрээд үй нар хээл хахууль авсан гэмт хэргээ нуун далдлахын тулд 5261Х тусгай зөвшөөрлийг 35.5 сая төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон юм байна. Тиймээс дээрх хэмжээний мөнгийг хувь тэнцүүлэн ялтнуудаас гаргуулахаар болжээ.
Улмаар Д.Батхуягаас таван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, хорих ялаа эдэлж дууссаны дараа гурван жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг нь хасаж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Л.Даваацогтод зургаан жил нэг сар хорих ял чанга дэглэмтэй хорих анги эдлүүлэхээр болж, төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хассан бол, Д.Батхуягийн авлигын хэрэгт хамжигчаар оролцсон С.Жаргалсайхан, Ш.БатИрээд үй нарт таван жил нэг сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Г.ЦОЛМОН