ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангид ял эдэлж буй хүмүүжигч Б-гийн хурууг ээлжийн дарга Г.Жавхлантөгс заазуурдаж тасалсан гэх мэдээлэл зарим цахим хуудаст гарчээ. Харуулын дарга нь гэртээ ажил хийлгэж байгаад ийм хэрэг хийсэн гэж мэдээлсэн юм. Энэ талаар Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангийн албаны эх сурвалжаас лавлахад “Зарим цахим хуудсанд тийм мэдээлэл гарсан гэсэн. Гэтэл тэр алба хаагч нь энхийг сахиулах ажиллагаанд явчихсан байгаа. Тийм асуудал болоогүй. Хүмүүжигч ажил хийж байгаад л санамсаргүй гэмтсэн” гэв.
ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Х.Баясгалан “Хорих 419 дүгээр ангид ял эдэлж буй ялтан Б нь ангийн аж ахуйн хашаанд барилгын засвар хийж байгаад хөрөөнд баруун гарынхаа хурууг гэмтээсэн. Тухайн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээг хийсэн. Одоогоор хүмүүжигч Б-гийн хуруунууд хэвийн хөдөлгөөнтэй байгаа. Тус ангид ялтны хурууг заазуурдсан гэсэн мэдээлэл гарсан нь ташаарчээ. Ялтан хэдэн цагаар, ямар ажил хийх зэргийг хорих ангийн даргын тушаалаар баталдаг. Энэ батлагдсан ажлаа хийхдээ өдөр бүр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа авдаг. Хүмүүжигч Б уг зааварчилгааг авч ажиллаж байсан” гэлээ.
Г.ОРЧЛОН