УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ажилтнууд Төв аймгийн Батсүмбэр сумын Сум дундын ойн ангийн дарга Ц.Батбаярыг шалгаж эхэлжээ. Тус газрын ажилтнууд өнгөрсөн сард Батсүмбэр сум, Сэлэнгийн Түнхэлээс хуурамч зөвшөөрөлтэй, хулгайгаар бэлтгэсэн модыг нийслэл рүү оруулах болсныг газар дээр нь очиж шалгасан юм. Шалгалтын явцад олон хэрэг зөрчил илрүүлсэн байна.
Хамгийн ноцтой нь эх орныхоо ногоон хүрмийг хамгаалах учиртай Ойн ангийн дарга Ц.Батбаяр хууль бусаар мод бэлтгэгч нартай хуйвалдан, төрийн албан хаагчийн эрхээ хэтрүүлж байсныг нотлох баримт олжээ. Утасны үзүүрээс атгасан мөрдөгчид лавшруулан шалгаж байна. Сэлэнгийн Түнхэлээс хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүс Батсүмбэрээр дайрч Ц.Батбаяраас хуурамч гоожин буюу зөвшөөрөл авдаг байсан нь тогтоогдоод байгаа аж. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг удахгүй шийдвэрлэх юм байна.
Д.ДАГВА