Өмнөх Засгийн газрын зарим агентлагийн дарга нар төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж байсан “туршлагаас” хуваалцъя. Төрийн байгууллагуудад хяналт сул байсны баталгаа ч гэж үүнийг хэлж болох юм. ҮТЕГ, ГЕГ, ИНЕГ-т хийсэн шалгалтаар 2008-2012 онд эдгээр агентлагийн удирдлага Сангийн болон ЗТБХБЯ-ны 80 гаруй албан тушаалтанд хоёр тэрбум төгрөг олгосныг дээрх шалгалтаар тогтоосон аж. Тухайлбал, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх ажилтнуудынхаа хувьд “Султан хаан” байжээ. Энэ мэт үйлдлээ нуухын тулд Сангийн яам, ЗТБХБЯ-ны ажилтнуудад ч мөнгө цацдаг байсан гэнэ.
2007-2012 онд ЗТБХБЯ-ны ажилтнуудад 795 сая төгрөгийг орон сууцны хөнгөлөлт нэрээр “бэлэглэжээ”. Сангийн яамны нэр бүхий 15 албан тушаалтанд 2010 онд 120 сая, 2011 онд 150 сая, 2012 онд 180 сая төгрөг өгсөн байна. Бас ажлаа өгөхийн өмнө бүх удирдах ажилтнууддаа 1-3 сарын цалинг давхардуулан олгож шагнасан аж. Засаг солигдож, албан тушаалаа өгөхөө мэдмэгц өөрийгөө Нислэгийн сургалт, дадлагын цогцолборын менежерээр томилуулан, тусгайлан хангамж эдлэх боломж бүрдүүлэн авчээ. Үндэсний татварын ерөнхий газрынхан ч иймэрхүү байдлаар ажиллажээ. 2012 онд аялал жуулчлал, амралт сувиллын зардалд 860 гаруй сая төгрөг зориулсан байна. Тэд ч бас Сангийн яамны зарим албан тушаалтанд “хайр зарлах”-аа мартаагүй.
Нэр бүхий зургаан хүнд орон сууц өгөхөө амлаж, үндсэн үнэлгээг харгалзалгүйгээр 50 хувийн зардлыг хариуцахаар болж, урьдчилгаа төлб өрт нь 650 сая төгрөг шилжүүлжээ. Зүв зүгээр байсан бол эдгээр албан тушаалтан Сангийн яам, ЗТБХБЯ-ны ажилтнуудад мөнгө барин тал засах шаардлагагүй байсан. Түүний оронд байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, техник, технологио шинэчлэхэд дээрх хөрөнгийг зориулж болох байлаа. Тиймээс төсвийн мөнгөнөөс халаасладаг, түүнийгээ хаацайлахын тулд холбогдох, шалгах хүмүүст нь орон сууцны хөнг өлөлт үзүүлж, гар цайлгах замаар хаадаг байжээ гэсэн ойлголт эндээс төрж буй юм. Иймэрхүү замаар төсвийн мөнгөөр гараа угааж суусан албан тушаалтнууд өнөөдөр солигдсон. Гэхдээ зүгээр л ажлаас чөлөөлсөн төдийгөөр орхичихож боломгүй.
Хариуцлагын тухай байнга ярьж буй Засгийн газар албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгөөр наадсан дээрх байгууллагуудын дарга аснуудад өөр хариуцлага тооцно хэмээн найдъя. Түрүүчээсээ тэднийг хуулийн байгууллага шалгаад эхэлсэн гэсэн мэдээ ч бас байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхээ мэдэгдсэн Хууль зүйн сайд ч уг асуудлыг хараанаасаа гадуур үлдээхгүй биз ээ.
С.ТУУЛ