Цагаан сар дөхөж, “Нарантуул”, “Хархорин” зэрэг худалдааны төв ачаалал ихтэй байна. Сар шинийн бэлтгэлээ базаахаар ирсэн орон нутгийн иргэд хулгай, залилангийн хэргийн золиос болох явдал их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Шинэ цамц хэмээн хуучин бараа бүтээгдэхүүн иргэдэд зарж байсан хоёр залууг Нарантуул дахь Цагдаагийн тасгийн ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тэд комиссын бараанаас цамц бөөнөөр нь 1000 төгрөгөөр худалдан авч, шошго хадаад, гялгар уутанд хийн “Бэлгийн бараа” хэмээн 2500-5000 төгрөгөөр борлуулж байж. Тэд шинэвтэр 2-3 цамц задалж үзүүлдэг бөгөөд, бусдыг нь үзэх гэхээр “Наалт нь хүйтэнд дахиж барьцалдахаа больчихдог юм” гээд задлуулдаггүй байсан гэнэ. Тэдний борлуулж буй барааных нь шошго хоорондоо таардаггүй ч иргэд анзааралгүй авснаараа залилангийн хэргийн хохирогч болж буйг хууль хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.