Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж буй ээжтэйгээ хамт 0-1 насны 10 хүүхэд байгаа. Уйлахаас өөрийг чадахгүй тэр гэмгүй нялхсыг манай улс төмөр торны цаана хорьчихоод живхний мөнгө ч төсөвлөж өгдөггүй байсан юм. Гэтэл ийм насны хүүхдүүдэд өлгий, эхийн сүү, цэвэр агаараас гадна живх, А, Д амин дэм, хувцас, бантангийн мах, гурил, лууван, хүүхдийн будаа, нэмэлт тэжээл гээд зайлшгүй шаардлагатай зүйл олон. Түүнийг нь хорих ангийн удирдлагууд олон улсын байгууллагуудаас бадар барих замаар олсоор ирсэн.
Харин саяхан Засгийн газраас дээрх багачуудад зориулан, 32.8 сая төгрөгийн төсвийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт баталж өгчээ. Мөн хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эмчийн орон тоо шинээр бий болгосон байна. Ингэснээр хүүхдүүдийн биеийг үзүүлэх гэж Хонхорын өрхийн эмчийг дуудах шаардлагагүй болж байгаа юм. Тус хорих ангид үүнээс өмнө дотрын нэг л эмч ажилладаг байв.
Х.БОЛОР