МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар 2005-2010 онд ажиллаж байсан Б.Эрдэнэбилэгийг хууль хяналтын байгууллагынхан өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих төвд хорилоо. Тэрбээр сүүлийн хоёр жил Канадад амьдарч байсан аж.
Б.Эрдэнэбилэг нь МИАТ-ийн захирлуудын үйлдсэн дайны эрсдэлийн даатгалын мөнгийг хувааж шамшигдуулсан хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилсны дүнд өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхэд нь баривчилсан байна. МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг дайны эрсдэлийн даатгал хэмээн тийзнийхээ үнэ дээр таван ам.доллар нэмэх луйврын арга боловсруулж, түүнийгээ Ц.Орхонд “өвлүүлсэн”.
Энэ аргаар түүнийг хангалттай хэмжээний мөнгө хуримтлуулсан гэж эх сурвалжууд үздэг юм билээ. Түүнийг цагдан хорьсноор МИАТ-ийн мөнгийг угаасан хэрэгт холбогдон саатуулагдсан хүний тоо есөд хүрэв.
Г.РАВЖАА