Дайны эрсдэлийн даатгалын мөнгөний талаар ямар мэдээлэлтэй байгааг МИАТ ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ц.Батаас тодрууллаа.
-Танай компанийн хуучин удирдлага их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа. Та бүхэн энэ хэргийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Хэргийн талаар хэвлэлд гарсан хэмжээний л мэдээлэлтэй байна. МИАТ компани Дайны эрсдэлийн даатгалын мөнгө хуримтлуулдаг нь үнэн. Гэхдээ энэ мөнгө буруу замаар орж байсныг хэн ч мэдээгүй. Зүй нь даатгалын компанид мөнгө төлөөд эрсдэл үүсэхэд болзошгүй хохирлыг барагдуулахад ашиглах ёстой.
-Саяхан шинээр байгуулсан “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал Ч.Хоролсүрэн энэ хэрэгт холбогдсон нь ямар учиртай юм бол?
-Би МИАТ-ийг бараг хээрийн нөхцөлд ажилладаг байхаас нь амьдралаа холбосон. Нисэхийнхэн компаниа өөд нь татах гэж маш их хөдөлмөрлөснийг мэднэ. Сүүлийн 20 жилийн дотор МИАТ ХК танигдашгүй болтлоо хөгжсөн. Энэ бол тус компанийн хамт олны хөдөлмөрийн үр шим. МИАТ-ийг дулаан оффис, тоолох доллартай болоод ирмэгц удирдлагаар нь гаднын хүмүүс ирэх болсон. Ч.Хоролсүрэн тэдний нэг. Сүүлийн үед хэвлэлээр дуулиан болоод байгаа хэрэг бол тэр хүн МИАТ-ийн commercial VP байхдаа хутгасан будилаан юм шиг надад ажиглагдсан.
-Энэ хүний эргэн тойронд асуудлын учиг байгаа гэх гээд байна уу?
-Би тэгж шууд хэлэхгүй ч тэр хавиас хайх нь зөв байх гэж бодож байна. Ээдрээ байгаа бол тэнд л тайлагдах байлгүй.
-Та Ч.Хоролсүрэн гэдэг хүнийг хэр сайн мэдэх вэ?
-Танина. Буянт-Ухаа чинь алслагдсан сумын төв шиг жижигхэн газар шүү дээ.
-“Монголиан Эйрлайнз групп” компанийг Дайны эрсдэлийн даатгалын мөнгөөр байгуулсан гэж бичээд байгаа шүү дээ. Та энэ талаар юу мэдэх вэ?
-Энэ компаниийг ямар мөнгөөр байгуу л с ныг мэдэхгүй. Хэн дэмждэг, энэ компанийн бодлого агаарын тээврийн бодлогод яаж нөлөөлж буйг би сайн мэднэ. Өмнө нь Ч.Хоролсүрэнг үздэггүй байсан хүмүүс 1-2 жилийн өмнөөс түүний идэвхтэй дэмжигч болчихсон гүйж байдаг юм байна лээ.
Г.ЦОЛМОН