Баянгол дүүргийн нутагт одоогоос дөрвөн жилийн өмнө таван настай хүүгийн амийг бүрэлгэж, 12 настай охиныг хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг П.Сумъяажав, Д.Бямбадорж гэх хоёр залуу үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, анхан шатны шүүх тэдэнд 15 жилийн хорих ял ногдуулсан. 2009 онд УИХ-аас батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн дагуу тэд ялаас чөлөөлөгдсөн юм. Уг хэргийн гол эзэн П.Сумъяажав суллагдсаныхаа дараа зургаан хүний хамтаар Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хоёр ч барьцаалан зээлдүүлэх газрыг дээрэмдсэн юм. Гэмт этгээдүүд хоёр ломбарданд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд нэг нь өдгөө үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа гэсэн. Энэ хэргийн хоёр холбогдогч хил даван зугтсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад гэм буруутай нь тогтоогд сон П.Сумъяажав, О.Ариунболд, Э.Идэрмандах, С.Энхтулга нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх уржигдар хэлэлцсэн байна. Ялтай байх хугацаандаа онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн П.Сумъяажавт анхан шатны шүүх 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин шүүгдэгч О.Ариунболдод долоон жил, Э.Идэрмандахад 12 жил хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон бол С.Энхтулгад таван жил нэг сарын хорих ял оноожээ.
Г.РАВЖАА