Монголд төдийгүй олон улсад эрэлт нь улам нэмэгдсээр буй мэргэжлийн нэг нь хөдөлгөөн засалч юм. Осол гэмтэл, өвчин эмгэг болон нас өндөр гарсны улмаас алдагдсан хөдөлгөөний чадварыг нөхөн сэргээхэд хөдөлгөөн засалчид тусалдаг. Иргэд тэдэнд хандсанаар шаардлагатай эмчилгээ хийлгэдэг. Харин мэргэжлийн бус хүмүүст хандаж бариа засал хийлгэх нь хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг дагуулдаг байна. Иймд мэргэжлийн эмч нараас тусламж, үйлчилгээ авахын ач холбогдлын талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хөдөлгөөн засалч А.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр хөдөлгөөн засалчаар ажиллаад есөн жил болж буй аж.
-Хөдөлгөөн засалч мэргэжлийн онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү. Үүнийг хөдөлмөр засалчтай андуурах нь түгээмэл байх шиг.
-Энэ хоёр мэргэжлийн ялгааг хүмүүс сайн мэддэггүй. Тиймээс нэг л ажил, мэргэжил гэж ойлгоод байх шиг санагддаг. Сэргээн засах анагаах ухаан нь хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал гэсэн үндсэн тусламж, үйлчилгээтэй. Хөдөлгөөн заслын эмчилгээнд тархи, нуруу нугасны гэмтэл, тархины цус харвалт, мөчдийн саа, саажилт зэрэг нь хамаарна. Өвчин эмгэг, осол гэмтлээс үүдэлтэйгээр бий болсон тулгуур-хөдөлгөөний эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүмүүст хөдөлгөөн засалчид тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хүний биеийн төрх байдлаас гадна алхах, босох, суух, гүйх, тэнцвэрээ хадгалах гэх мэт үйлдлийг сэргээн засах нь бидний үүрэг. Ингэснээр тухайн өвчтөн бусдаас хараат бусаар, бие даан амьдрах чадвартай болж, улмаар нийгмийн харилцаанд саадгүй оролцох юм. Олон улсад хөдөлгөөн засалч үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн, удаах нь цахилгаан буюу бидний хэлж заншсанаар физик эмчилгээ юм. Дараа нь усан эмчилгээг хавсарч хийж болдог.
Хөдөлмөр засалчийн хувьд ч тухайн үйлчлүүлэгчид бусдаас хараат бусаар, өөрөө бие даан амьдрах чадварыг эзэмшүүлэх чиглэлээр ажилладаг. Ингэхдээ гарын жижиг булчинг хөгжүүлэх чадвараас эхлээд өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахад нь тусалдаг. Жишээлбэл, шүдээ угаах, халбагаа бариад хоолоо идэх, зурах, гутлаа өмсөх гэх мэтийг дурдаж болно.
-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэмжээнд хөдөлгөөн засалчийн эрэлт хэрэгцээ өндөр гэсэн. Тэр хэрээр ажлын ачаалал их байдаг болов уу?
-Манай эмнэлэгт дөрвөн хөдөлгөөн засалч ажилладаг. Нэг хөдөлгөөн засалч маань Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-гийн сайн дурын мэргэжилтэн-хөдөлгөөн засалчаар 2023 оноос эхлэн хавсран ажиллаж байна. Бусад нь Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах, уламжлалт эмчилгээний хэвтэн эмчлүүлэх тасагт ажилладаг. Миний хувьд Хайлааст салбар амбулаторид ганцаараа ажилладаг учир ачаалал харьцангуй их. Ихэвчлэн урьдчилан сэргийлэх үзлэг, иргэдэд мэргэжлээ таниулах өдөрлөг зэрэг арга хэмжээнд оролцдог.
-Өдөрт хэдэн үйлчлүүлэгч хүлээн авдаг бол. Хэдэн насныхан голчлон тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Хөдөлгөөн засалч өдөрт хэдэн үйлчлүүлэгчдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ёстой вэ гэсэн стандарт байдаг юм. Нэг үйлчлүүлэгчид дунджаар 30 минут зарцуулдаг. Ийм учраас өдөрт 16 орчим хүнд эмчилгээ хийх ёстой. Гэвч бодит байдалд үүнээс ч олон хүн үзэж, зөвлөгөө өгдөг. Ихэнхдээ 35-60 насныхан үйлчлүүлж байна. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нуруу өвдөх зовуурийн улмаас хөдөлгөөн засалчид хандах нь ихэслээ. Сургуулийнх нь ширээ, сандал хүүхдийн биеийн онцлогт тохироогүй. Мөн компьютер, гар утсаар олон цагаар тоглож сууснаас болж өсвөр насны хүүхдүүдийн нуруу өвдөх нь ихэссэн. Нурууны мурийлт ямар хэлбэртэй, хэр хүндэрсэн зэргээс хамаараад эмчилгээний хугацааг тодорхойлдог.
-Халтиргаа гулгаа ихсэхээр үйлчлүүлэгчийн тоо нэмэгддэг үү?
-Мэдээж нэмэгддэг. Хүйтний улиралд халтирч унасны улмаас бэртсэн иргэдийн тоо эрс нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалаад манай тасгаар үйлчлүүлэх үйлчлүүлэгчийн тоо ч тодорхой хэмжээгээр олширч байна. Ялангуяа өндөр настнууд ийм шалтгаанаар бэртэх нь элбэг.
-Энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ их ч сонирхон судлах хүүхэд, залуусын тоо цөөн гэх юм билээ.
-Монгол Улсад анх АШУҮИС-д хөдөлгөөн засалч мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн. Үүнээс хойш хөдөлгөөн засалч мэргэжлийн 14 анги төгсгөсөн. Гэвч улсын хэмжээнд бүх эмнэлэгт хангалттай хүрэлцэхүйц хүний нөөц байхгүй. Эрүүл мэндийн байгууллага бүр мэргэжлийн хөдөлгөөн засалчтай болж чадаагүй гэсэн үг. Энэ нь манай мэргэжлийн эрэлт хэрэгцээ их гэдгийг илэрхийлэх байх.
-Урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд танаас зөвлөгөө мэдээлэл авдаг уу?
-Зөвлөгөө авдаг. Гэхдээ иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байна. Урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг олонх хүн тэр бүр анхаардаггүй. Ихэвчлэн гэр бүлийн гишүүн нь, эсвэл өөрөө өвдсөн тохиолдолд л хөдөлгөөн засалчид хандах хэрэгтэй гэж ойлгодог. Ер нь хүмүүс үр дүнг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсний дараа л яаж сэргийлэх вэ гэж зөвлөгөө авдаг. Албан байгууллагууд, дүүргүүдийн Нийгмийн халамжийн хэлтэс, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэхээр сургалт явуулдаг.
Зөвхөн өвдсөн бус, эрүүл саруул хүмүүс ч хөдөлгөөн засалчид хандах боломжтой. Урьдчилан сэргийлэх зорилгоор ч хөдөлгөөн засалчид хандаж болно гэсэн үг. Хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэснээр дахиж хүндрэл гарах нь бага. Булчингаа чангалж, дархлаагаа дэмжсэнээр өөрөө өөрийгөө эмчилж байгаа гэсэн үг л дээ. Эмийг олон удаа хэрэглэвэл гаж нөлөөтэй. Харин хөдөлгөөн заслын эмчилгээнд гаж нөлөө гэж байхгүй.
-Танай тасагт хэвтэн эмчлүүлэгчид голчлон ямар өвчний улмаас хандаж байна вэ?
-Үйлчлүүлэгчдийн ихэнх хувь нь мэдрэлийн болон тулгуур эрхтэн тогтолцооны эмгэг, спортын гэмтэл, мэс заслын дараах хүндрэлийн улмаас ханддаг. Жишээлбэл, тархины цус харвалт, нуруу, өвдөгний өвдөлт, гэмтлийн дараах болон хиймэл үе солиулах мэс засал хийлгэсэн гэх мэт шалтгаантай хүмүүс үйлчлүүлж байна. Бид тухайн үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлж, үүндээ тулгуурлан эмчилгээний төлөвлөгөө гарган, хэрэгжүүлдэг.
-Хөдөлгөөн засалчийн ажлын байрны эрэлт хэрэгцээ их ч нийлүүлэлт муу байгаа тул төрөөс анхаарал хандуулна гэж сүүлийн үед ярих болсон. Тухайлбал, энэ чиглэлээр суралцагчдын сургалтын төлбөрийг хөнгөлдөг болсон. Энэ нь хүний нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлсэн үү?
-Хөдөлгөөн болон хөдөлмөр засалч мэргэжлээр суралцах хүний нөөцийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлсэн. Шинэ элсэгч нарын хувьд элсэлтийн шалгалтад 501-ээс дээш оноо авсан тохиолдолд, оюутны голч дүн 2.8 бол оюутны сургалтын төлбөрийг 100 хувь төрөөс хариуцдаг.
-Сэргээн засах эмчилгээний үндсэн хэсэг нь хөдөлгөөн засал шүү дээ. Энэхүү эмчилгээг хийлгэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Дээр хэлсэнчлэн сэргээн засах нь үндсэн гурван мэргэжлээс тогтдог. Энэ гурван мэргэжилтэн нь хамтарч, бас тусдаа ч үйл ажиллагаа явуулах тохиолдол бий. Сүүлийн үед амьсгал заслын эмчилгээ сэргээн засахын нэг хэсэг болох төлөвтэй байна. Амьсгал заслын эмчилгээ нь “Ковид-19” цар тахлын дараа дэлгэрсэн. “Ковид-19”-өөр өвчилснөөс уушгинд өөрчлөлт ордог. Үүнийг хэвийн байдалд нь оруулахын тулд энэ төрлийн заслыг хийдэг. Уушгины багтаамжийг сайжруулахад анхаарна гэсэн үг л дээ. Жишээлбэл, өмнө нь хоёр давхар шатаар амьсгаадахгүй гардаг байснаа одоо талд нь ороод ядарч байвал уушгины багтаамж нь муудсан гэсэн үг. Тиймээс багтаамжийг нь сайжруулахын тулд үе шаттайгаар эмчилдэг. Амьсгал заслаар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тийм ч олон биш. Улиралд 1-4 хүн л ийм шалтгаанаар манай төвд ханддаг. Энэ тоо өвлийн улиралд нэмэгддэг.
-Ясны гэмтлийн үед иргэд уламжлалт бариа засалчдыг зорих нь элбэг. Гэвч мэргэжлийн бус хүмүүсээр бариулж, өвчнөө улам хүндрүүлэх тохиолдол олон байдаг шүү дээ.
-Уламжлалт анагаах ухаан 5000 гаруй жилийн өмнө үүссэн. Энэ анагаах ухаанд ясны гэмтлийг эмчлэх олон арга, засал бий. Энэ талаар уламжлалтын эмч илүү дэлгэрэнгүй тайлбар өгөх байх. Ясны гэмтлийн үед радиологи эмч рентгенээр зургийг нь авч байж оношийг эцэслэж тогтоодог. Ясны гэмтлийн улмаас үений хөшингө, булчингийн хатангиршил үүсэхээс сэргийлж хөдөлгөөн засалчид гэмтлийн, сэргээн засах эмчийн зөвлөмжийн дагуу эмчилгээ хийдэг.
Бариа засал нь уламжлалт анагаах ухаанд хамаарна. Харин хөдөлгөөн засал нь европ анагаах ухааных юм. Бариа засалчид цэгэн бариа, суваг нээх зэргийг хийдэг. Хөдөлгөөн засалч нар бол тухайн хүний өөртөө үйлчлэх чадварыг нь сайжруулахад анхаардаг. Тухайлбал, алхах чадвараа алдсан хүмүүст алхмаа хийхэд эхнээс нь тусална. Хөдөлгөөнийг нь дэмжиж, чадвараа сэргээхэд нь тусалдаг гэсэн үг. Энэ мэт ялгаатай тал олон бий. Ерөнхийдөө өөр шинжлэх ухаан гэсэн үг л дээ.
А.Тэмүүлэн