Монголын жиү жицүгийн спортод Галсандоржийн Гантулга хэмээх залуу цойлж, улсынхаа төдийгүй тив, дэлхийн дэвжээг дайчин, зоримог, уран барилдаанаараа чимж буй. Тэрбээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн жиү жицүгийн анги болох “Jump” (jiu jitsu universal management program) хөтөлбөрийн IV дамжааны оюутан, “Jet sharing Mongolia”, “G Mobile” ХХК-ийн тамирчин. Үндэсний бөхөөр хичээллэснээр, спортын гараагаа эхлүүлж, жүдо, самбогийн дотоодын томоохон тэмцээнээс цөөнгүй шагнал гарджээ. Байлдааны самбо бөхийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн түүнд 2023 он амжилт далласан өөдрөг жил байв. Тэрбээр АНЭУ-ын Абу-Дабид зохион байгуулсан сонирхогчдын ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн Монголын анхны тамирчин болсон юм. Тэгвэл тус хотод өнгөрсөн хавар болсон бүсний ангилалгүй Азийн АШТ-ий неваза төрөлд аваргаар тодорсон билээ. Улаанбаатар хотод улсын наадмын дараа зохион байгуулсан“Улаанбаатарпро” олон улсын тэмцээнд, мөн Зүүн Азийн АШТ-д тус бүр тэргүүлсэн түүнийг зочноор урилаа.
-Монголд өнгөрсөн зун хоёр том тэмцээн болоход та түрүүллээ. Үеийнхээ нөхдийг зун аялж явахад та завгүй хөдөлмөрлөж өнгөрүүлжээ.
-Хүмүүсийг дуртай газраа үзэхээр зугаалж явахад би бөхийн дэвжээнд бэлтгэл хийж, завгүй хөдөлмөрлөлөө. АНЭУ-д өнгөрсөн тавдугаар сард болсон жиү жицүгийн Азийн АШТ-ээс алтан медальтай ирснийхээ дараа эх орондоо зохион байгуулсан “Улаанбаатар про”, мөн Зүүн Азийн АШТ-д оролцож түрүүлсэн. Үнэнийг хэлэхэд, зун тав хоног л амарлаа. Би Ховд аймгийн Дарви сумынх. Манайх хотод төвхнөөд цөөнгүй жил болж байна. Наадмын дараа нутгаа зорьж, сумынхаа 100 жилийн ойн наадамд зодоглолоо. Тус сумаас төрсөн Гавьяат цолтон 80, Хөдөлмөрийн баатар 12 хүн бий.
-Дарви сумыг алдартнуудын өлгий нутаг хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй бололтой.
-Төрж өссөн нутгийнх нь уул, ус, энерги тухайн хүний ажил, амьдрал, амжилтад нөлөөлдөг гэж боддог. Эл нутгийн бөхчүүд амжилт хэрхэн гаргадаг болохыг тогтоосон сонирхолтой судалгаа байдаг юм билээ. Газар зүйн байрлалын хувьд далайн түвшнээс дээш газарт, Алтайн нуруу дагасан бүс нутгийн тамирчид бусдаас илүү амжилт үзүүлэх магадлалтай гэж өгүүлснийг олж уншсан юм. Дарви сум спортын баялаг түүхтэй, бөхтэй, олимпын медальтантай. “Москва-1980” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Гавьяат тамирчин Р.Даваадалай хүрэл медаль хүртсэн. Ихэр тамирчин болох Л.Энхбаяр, Л.Эрхбаяр нар чөлөөт бөхийн төрөлд тив, дэлхийн тэмцээнээс медаль авч байв. Тэд үндэсний бөхийн улсын начин цолтой. Л.Энхбаяр нь чөлөөт бөхийн Азийн аварга, улсын зургаан удаагийн аварга. 1988 онд Сөүлийн олимпод IV, 1992 онд Барселоны олимпод VIII байр эзэлсэн. Л.Эрхбаяр нь 1989 онд болсон дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн байдаг юм. Мөн Монгол Улсын заан Д.Рэнцэндорж хэмээх бөх 1934, 1936, 1938 онд шөвгөрсөн юм билээ. Манай сум Алтайн нурууны үргэлжлэл Сутай хайрхны хормойд оршдог. Хүүхэд байхаасаа мөнх цаст сүрлэг оргилыг харж, булгийнх нь уснаас ууж өслөө. Сутай хайрхан Ховд, Говь-Алтай аймгийн дунд байрладаг тул дөрвөн сумын зон олонд харагддаг.
-Абу-Дабигийн дэвжээнд дэлхийн аварга болсон таны дурсамжаар аялмаар санагдлаа.
-Тус хотод анх удаа хөл тавьсан надад бүх зүйл нь сайхан санагдсан ч ямар нэг хүнд бодлоор өөрийгөө ачаалахгүйг хичээсэн. Дэлхийн аварга болж, медалийн тавцанд зогсохдоо сэтгэл догдлолоо ил гаргаагүй. Монголоос бэлдэж очсон сэтгэл зүйн байдал минь тэнд огт өөрчлөгдөөгүй. Хэсгийн аваргын өмнө Гүржийн бөхийг хожих амаргүй даваа байлаа. Бид ана мана үзэлцсэн. Өмнө нь тус улсын бөхчүүдтэй барилдаж үзэхсэн гэж боддог байв. Би энэ боломжийг их хүлээсэн. Олон жил сэтгэлдээ тээсэн хүсэл мөрөөдлөө жиү жицүгийн дэвжээнд биелүүлсэндээ баярладаг. Гүрж улс бөхийн төрлүүдэд алдартай тамирчидтай. Парисын олимпын жүдо, чөлөөт бөхийн төрөлд аваргатай боллоо шүү дээ. Алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчинтай таарсан. Түүнтэй барилдахдаа хөлийн гурвалжин боолт алдаж, нэлээд хүнд байдалд орсон. Жиү жицүгийн спортод өрсөлдөгчөө өчиг боолтоор цэвэр ялдаг. Артерийн хоёр судас тагларахаар тархины цусан хангамж дутагдаж, ухаан алддаг. Үүнээс өмнө өөрөө гараараа цохин бууж өгдөг юм. Би учраадаа амархан бууж өгөхийг хүсээгүй. Тухайн үед “Ухаан алдвал эмч тусламж үзүүлнэ биз” гэж бодоод гүрийсэн. Зорьсны эцэст хүнд байдлаас гарч, хожлыг өөрийн талд эргүүллээ. Намайг бага байхад ах нар “Орос тамирчинтай эхний гурав, Гүржийнхтэй дөрөв минут эн тэнцүү үзэлцвэл барилдааны явцад өөрөө бараг буугаад өгдөг” гэж ярьдаг байв. ДАШТ-д түрүүлсэн тамирчин мэргэжлийнхэд өрсөлдөх эрхтэй болдог. Гэхдээ дүрэм нь өөр. Өнгөрсөн хавар болсон Азийн АШТ, зун зохион байгуулсан Зүүн Азийн АШТ мэргэжлийнх хэрнээ бүсний ангилалгүй болсон. Зүүн Азийн АШТ-ийг зохион байгуулдаг холбоо цөөнгүй бий. Миний хувьд аль альд нь аварга болох гэж их хичээсэн. Түрүүлэх цаг болсныг багш нар минь харсан байх. Дэлхийн аварга цолдоо одоо л дасаж байна. Эхэндээ ичиж, санаа зовдог байлаа.
-Дотоод, гадаадын тэмцээнд оролцдог танд гэрийнхнээсээ зардлын мөнгө байнга авах амаргүй биз?
-Би МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн IV дамжааны оюутан ч гадаадын тэмцээнд нэг бус удаа оролцсон. Сонирхогчдын ДАШТ-д өрсөлдөхитгэл эхэндээ төрөөгүй. Тэр үед О.Болд-Эрдэнэ багш дэмжиж, зардлын мөнгө зохицуулсан юм. Түүнээс хойш амжилтын үүд нээгдэж, аав, ээжийгээ зардлын мөнгө яаж олно доо гэх хүндхэн бодлоос чөлөөлсөн. “Jump” хөтөлбөрт хамрагдаж, энэ спортоор хичээллэсэн цагаас Монголын жиү жицүгийн холбооны ерөнхийлөгч, “Жи мобайл” компанийн ТУЗ-ийн дарга, “Jet sharing Mongolia” компанийн үүсгэн байгуулагч, захирал Г.Дашням надад дэмжлэг үзүүлэхболсон. Азийн АШТ-д оролцохын өмнө холбооны ерөнхийлөгч бидэнтэй хамт бэлтгэл хийхдээ медаль хүртвэл мөнгөн шагнал өгч, түрүүлсэн бөхийг “Жи мобайл” компанийн харьяалалтай тамирчин болгож, гэрээ байгуулах талаар амласан юм. Би Азийн АШТ-д түрүүлж, уг боломжид хамрагдсанаар хоёр компанийн харьяалалтай тамирчин болсон. Тамирчин хүн дэмжлэгтэй болоход урам орж, өмнөхөөс илүү амжилт гаргадаг. Надад одоо санаа зовох зүйл байхгүй. Тиймээс зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулна.
-Дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ “Jump” хөтөлбөрийг анх санаачилсан гэдэг. Багш, шавь болсныг тань сонсвол сонирхолтой түүх өгүүлэх байх даа.
-Тийм ээ. Монголын жиү жицүгийн холбоо МУБИС-ийн Биеийн тамирын сургуультай хамтарч спортыг хөгжүүлэх хөтөлбөр бий болгосон. “Jump” хөтөлбөрт нь хамрагдан, дэлхийн аварга болж анхны түүхийг бичсэндээ талархдаг. Аливаа зүйлд анхдагч байх сайхан ч үүрэг, хариуцлага давхар дагаж ирдэг юм билээ. О.Болд-Эрдэнэ багштай анх танилцаж жиү жицүд хөл тавьсан. Тэрбээр энэ хөтөлбөрөө нээхээр 21 аймгаас залуучууд сонгож авч байсан үе. Цар тахал хаа сайгүй дэгдсэн тэр жил би ХААИС-д сурахаар бичиг баримтаа өгсөн байв. Тухайн үед таван жил хийсэн бэлтгэлээ хаяад энэ сургуульд орох гэжбайв. Гэвч“Зорилго мөрөөдлөө зүгээр хаях гэж үү” гэж бодоод орхисон. Би самбо бөхийн дасгалжуулагч Гавьяат тамирчин Г.Үүрцолмон багшийн удирдлагад бэлтгэл базаадаг байхдаа ҮБХИС-д сурахаар болсноо хэлэхэд “Чи насаараа цэргийн амьдралаар амьдарна шүү дээ. Наад сургуульдаа ч сурахаа боль. Спортоороо замна” гэж зэмлээд МУБИС руу хөөлөө. Тус сургуулийн Сургалтын албаны менежертэй уулзахад “Жүдогийн дасгалжуулагчийн анги байхгүй. Жиү жицүгийн “Jump” хөтөлбөр байгаа. Ангийн багш нь О.Болд-Эрдэнэ” гэв. Түүний нэрийн сонсонгуут л нүдэнд хамгийн түрүүнд энэ спорт харагдсан. Сургалтын албанаас жиү жицүгийн ангид сурах бичиг хийлгээд түүнтэй уулзахаар ортол өөдөөс харснаа “Юун хүүхэд вэ, яах гэж яваа билээ. Манайх хамаагүй хүүхэд авахгүй. Хичээл сайн хийдэг оюутан авна” гэв. Үнэнийг өгүүлэхэд, спорт гэж гүйгээд хичээлээ орхисон тал бий л дээ. Багш намайг хүлээж аваад бүртгэлээ хаасан. Би зөв хүний зөвлөгөөг сонсож, зөв газраа ирсэн гэж боддог юм.
-Спортын төв сургуулиас тив, дэлхийн медальтан цөөнгүй төрөх юм аа.
-Намайг сургуулиа дүүргэх жил цар тахал дэгдэж, тэмцээн уралдаан цуцлагдсан. Хөл хорьсон нэг жил гурван сарын хугацаанд зүгээр суугаагүй. Байрны подвальд нууцаар бэлтгэл хийнэ. Цагдаа нар гадуур явуулахгүй тул хамгаалалтын албаны гэрчилгээ олж аваад сургуулилалтаа таслахгүй үргэлжлүүлсэн. Тэр хэцүү үед олон зүйлийг эргэцүүлэн бодож, өөртөө дүгнэлт хийсэн юм. Бөхийн спортод 20 насандаа амжилт гаргахгүй бол цаашид амаргүй болно. Ингэж бодохоор өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах гээд байлаа. Энэ насандаа багтаж, Азийн АШТ-ий контакт төрөлд мөнгөн медаль хүртэж, олон улсад амжилтын гараагаа эхлүүлсэн. Долоодугаар ангидаа спортоор хичээллэж, есдүгээр ангидаа жүдогийн бэлтгэл өдөр бүр хийж эхэлсэн. Тэр үеэс бөхийн спортын төрөлд түрүүлж, Төрийн далбаагаа мандуулна гэж боддог байлаа. Холын кросст гүйхдээ хүртэл өөрийгөө медаль хүртэж байгаагаар төсөөлнө. Хэрвээ ингэж зориогүй бол мөн ч их шантрах байсан болов уу.
-Та ДАШТ-д оролцохоор болсноо олон хүнд дуулгаагүй явсан гэдэг. Аав, ээждээ ч хэлээгүй шалтгаан юу байсан юм бол?
-Хэнд ч тодорхой зүйл хэлэлгүй явсан. Гадаад паспортоо өвөртлөөд гар тээшээ бариад Абу-Дабиг зорьж байлаа. Холбооны цахим хуудаснаас дэлхийн аварга болсныг минь манайхан мэдсэн. Намайг бөхийн спортоор хичээллэхэд ээж “Чи хичээлдээ анхаарал хандуулж, боловсрол, мэргэжилтэй бол” гээд эхэндээ дуртай хүлээж аваагүй. Аав залуудаа Ховд аймаг дахь Багшийн сургуульд сурч, багш дасгалжуулагчаар төгссөн. Ээжтэй танилцах үедээ хөлстэй хувцсаа цүнхлээд үүрч явдаг байсан гэдэг. Ээжийн төсөөлөлд аавын тэр дүр зураг буусан шиг байгаа юм. Үндэсний бөхийн дүүргийн АШТ-д оролцож, мөнгөн медаль хүртэх үеэс манайхан намайг дэмжих болсон.
-Монголчуудад Абу-Дабигийн дэвжээ ээлтэй санагддаг. Манай бөхчүүд тэндээс олон медальтай ирсэн шүү дээ.
-Монголын цаг агаар эрс тэс. Тэндхийн халуунд 10 кг хасаж, хоол бараг идэхгүй гурав хоноход маш их тэвчээр хатуужил шаардсан. Эхорон хүнд юунаас ч эрхэм тул нэрийг нь өндөрт өргөхийн тулд хичээсэн, бас зүтгэсэн. Би тийм үед Монголынхоо өвөг дээдсийн морин дэл дээр дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулалтын гайхалтай тактик, зориг, тэвчээр, ухаанаар бахархаж урам авдаг. Арабууд монголчуудад цаагуураа дургүй байгаа нь анзаарагддаг. Азийн АШТ-д миний дээд, доод жинд араб тамирчин түрүүлсэн. Би хэсгийн аварга, мөн финалын барилдаанд эзэн орны тамирчныг хожсон юм. Медалийн тавцанд шагналаа гардахаар гарахад мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин зургаа авхуулалгүй буусан. Нутгийнхаа дэвжээнд аварга болох боломжоо алдсан болохоор дургүйцлээ илэрхийлсэн нь тэр байх.
-Өвөг дээдсийн байлдан дагуулалтыг бодож урам авдаг гэхээр та түүхэн сэдэвтэй ном уншдаг байх нь.
-Тийм ээ. Монгол цэргүүдийн дайн тулааны тактик, төлөвлөгөө, дайснаа буулгаж авдаг ухаан, овсгоо самбаа нь тун сонирхолтой санагддаг. Тэр дундаа ялагдаж буй мэт харагдаж, ялдаг арга барил нь шаардлагатай үед заль, мэхтэй, мэдрэмжтэй байхыг сануулдаг юм. Бөхийн спорт тулаан шүү дээ. Ухаан гаргаж, тактик боловсруулж байж өрсөлдөгчөө ялна. Монгол дайчдын эрэмгий зориг, тэвчээр хойч үед нь өвлөгдөж үлдсэнийг бөхийн дэвжээнд харуулахыг хүсдэг. Тамирчин байх сайхан. Хэдийгээр спортын талбарт өрсөлдөөн, тэмцэл, баяр, гуниг өрнөдөг ч эв нэгдэл, хүндлэл, бахархал, нөхөрлөл, дурсамж аль аль нь байдаг болохоор гайхалтай. Тэмцээний дараа жингийнхээ гадаад тамирчидтай ярилцаж суухад Чингис хааны тухай ихасуудаг. Казахстан, Узбекистан, Киргизийн бөхчүүдийн зарим нь Чингиз нэртэй. Тэд “Манай өвөө, эмээ монгол хүн байсан” гээд ярьдаг юм. Бидэнтэй бусад орны тамирчдаас илүү ойр дотно нөхөрлөх дуртай шүү.
-Хичээлийн шинэ жил эхэлж, оюутнууд сургуульдаа хөл тавилаа. Тамирчдын завгүй ажил өрнөх нь дээ.
-IV дамжааны оюутнууд дадлагад гардаг. Техник, тактикийн бэлтгэлийг Мөнх багш, барил дааны судалгааг “Мондэ” академийн дасгалжуулагч Б.Ариунцогтой хамт хийнэ. Миний хувьд ирэх жил сургуулиа төгсөх, мэргэжлээрээ ажиллах, тамирчны карьераа үргэлжлүүлэх гээд үүрэг хариуцлага ихтэй байхнь. Завгүй байсан ч бүхнийг цаг хугацаанд нь амжуулахыг хичээж байгаа. МУБИС-ийн Биеийн тамирын сургууль мэргэжлийн тамирчид бэлтгэдэг. Тус сургуулиас төрсөн тив, дэлхий, олимпын медальтан олон бий. Энэ сургуульд спортын үе үеийн зүтгэлтнүүд суралцаж, зааланд нь бэлтгэл хийж байсан гэж бодохоор бэлгэшээлтэй санагддаг юм.
-Жиү жицүгээр хичээллэдэг тамирчдыг амжилт хэрхэн гаргасныг бүснийх нь өнгө баталдаг уу?
-Тийм ээ. Би одоо ягаан бүстэй, 94 кг-ын жинд өрсөлддөг. Энэ жинд 2026 он хүртэл барилдана. Анх оюутан болохдоо цагаан бүснээс эхэлсэн. Ирэх жил бор бүстэй сургуулиа дүүргэх хүсэлтэй. Хойшдоо үндэсний бөхөөр барилдахаар төлөвлөж байна. Намайг жүдо, самбо, жиү жицү гээд үндэсний бөхөөсөө хөндийрлөө гэж гэрт хааяа маргаан өрнөдөг. Тамирчин хүн хэр хүмүүжиж, төлөвшсөнөө хандлагаараа харуулдаг. Тиймээс дүү нартаа “Зөв хандлагатай, эерэг бодолтой, сахилга баттай яваарай. Өөрийгөө зөв удирддаг тамирчин амжилт гаргадаг юм шүү” гэж хэлье.