Халхын голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Халхын голын байлдааны 85, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 75, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг байгуулсны таван жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох юм. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч В.В.Путин оролцохоор болжээ. Монгол Улсад айлчлахынх нь өмнө түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Амаргүй энэ цаг үед “Өнөөдөр” сониноор дамжуулан Монголын уншигч нартай “уулзаж” байгаа В.В.Путин танаа талархал илэрхийлье. Та Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойгоор Монголд айлчлах үеэрээ хоёр орны харилцан ашигтай нөхөрлөл нь олон жилийн түүхтэйг онцлоод, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг үзэглэсэн. Гэрээний хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байгаа вэ, сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаанд өөрчлөлт орсон уу?
-Найрсаг Монгол Улсад хийх ээлжит айлчлалынхаа өмнө танай нэр хүндтэй хэвлэлийн хуудсаар дамжуулан манай хоёр орны харилцааны түүх, өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн төлөвийн талаарх төсөөллөөсөө хуваалцмаар санагдлаа. Манай ойрын хөрш ба эртний анд нөхөр Монгол Улстай иж бүрэн, харилцан ашигтай түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын Евразийн чиглэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг байсаар ирсэн. Өдгөө ч байгаа, цаашдаа ч байсаар байх болно гэдгийг юуны түрүүнд тэмдэглэхийг хүсэж байна. Манай хоёр орныг болон ард иргэдийг олон арван жилийн турш бараг бүх салбарт өрнүүлсэн үр бүтээлтэй хамтын ажиллагаа холбодог. Чухам манай орон тэртээ 1921 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс бөгөөд урт удаан хугацааны турш БНМАУ-ын бүрэн эрхт болон аюулгүй байдлын цорын ганц баталгаа нь байсаар ирснийг сануулъя. 1939 оны зун Монголын хувьд эгзэгтэй үе эхлэхэд ЗСБНХУ 1936 оны гуравдугаар сарын 12-ны харилцан туслалцах протоколын дагуу холбоотны үүргээ үнэнчээр биелүүлж, Халхын голын хавиар Японы түрэмгийллийг няцаахад туслах тухай Монголын Засгийн газрын хүсэлтэд даруй хариу өгч байсан. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тулалдаанд Улаан армийн 10 мянга гаруй цэрэг, офицер алтан амиа өгсөн. Энэхүү завшааныг ашиглаад Монгол, Оросын сайн дурынхан өдгөө ч амь үрэгдсэн баатруудын шарилыг эрэн сурвалжилж, оршуулах эрхэм ажлыг үргэлжлүүлсээр буйг талархан тэмдэглэхийг хүсэж байна. 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Японы милитаристуудыг хамтын хүчээр ялсны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлсэн улс хоорондын шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан нь бэлгэ тэмдэгтэй үйл явдал болсон билээ. Халхын голын милитаристууд. Эдгээр өдрүүдэд ч мөн Монгол Улсын нийслэл хотноо зохион байгуулагдах дараагийн ойн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна.
Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны бэлгэдэл, урдаа барих ганц байгууллага болох “Улаанбаатар төмөр зам”-ын 75, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монгол Улсад атар эзэмшсэний 65, Эрдэнэт хотыг барьж байгуулсны 50 жилийн ой зэрэг та, бидний энэ жил тэмдэглэж буй бусад олон чухал баяр нь Монгол, Оросын арвин баялаг, олон талт хамтын түүхийн нотолгоо юм. Мэдээж аугаа их эх орны дайны үед Монголын ард түмний бидэнд үзүүлж байсан тусламж дэмжлэгийг манай ард түмэн талархалтайгаар дурсан санаж, 1945 оны зун Квантуны армийг бут цохиж, хамтын ялалтыг дахин байгуулж байсан тухай үүрдийн үүрд санан дурсадгийг хэлэх хэрэгтэй. Өдгөө ч манай хоёр улс эв найрамдал, сайн хөршийн болон харилцан туслалцаа үзүүлэх үнэлж баршгүй нөхөрлөлийн уламжлалаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Тухайлбал, энэ жил л гэхэд Монгол Улсад хүйтний эрч чангарч, зудад өртсөн малчдад дэм болохын тулд бидний зүгээс 8000 гаруй тонн үр тариа илгээсэн бол Уралын нурууны бүсэд шар усны үер буухад Монголын Засгийн газраас үерийн уршгийг арилгахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ.
Гол гол бүх салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа маш хурдацтай хөгжиж байгаа нь чухал юм. Улс төрийн харилцаа, батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, парламент хоорондын болон нам, олон нийтийн байгууллагуудын харилцан үйлчлэл, хүүхэд, залуусын солилцоо, иргэд хоорондын харилцаа, хил орчмын болон бүс нутаг хоорондын харилцаа амжилттай хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Оросоос Хятад руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар татах, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудалд түлш цэнэглэх цогцолборыг хангах ажилд “Роснефть” корпорац оролцох, Улаанбаатар хотын “ДЦС-3”-ыг “Интер РАО-Экспорт” компанийн оролцоотойгоор сэргээн засварлах зэрэг эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт шинэ, ирээдүйтэй төслүүд дээр ажиллаж байна. Шатахуун болон шатах, тослох материалын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хөнгөлөлттэй үнээр хангахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн монгол нөхдийнхөө хүсэлт бүрд бид нааштай хариу өгдөг бөгөөд уг асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ явуулж байгаа.
ОХУ-ын оролцоотойгоор жил хүрэхгүй хугацаанд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын зах зээлд Монголын экспортын уламжлалт бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төслийг боловсруулах ажилд ихээхэн ахиц гарсан. Мөн бидний зүгээс Монгол Улсын үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудалд онцгой анхаарсаар ирснийг нэмж хэлье. Зөвхөн энэ онд л гэхэд манай их, дээд сургуулиудад суралцах сонирхолтой монгол элсэгчдэд зориулан 620 тэтгэлэг олголоо. Монголын залуучуудын дунд Орост боловсрол эзэмших сонирхол уламжлал ёсоор өндөр байдгийг бид мэднэ. Үүнд бас Монголд орос хэлийг хайрлаж, судалж, мөн олон арван жилийн хугацаанд орос хэлийг заах тогтолцоо үүссэн нь мэдээжийн хэрэг маш чухал. Энэ нь Орос болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай мэдлэг олж авах ба ажил хэргийн, шинжлэх ухаан, соёлын харилцаа холбоог гүнзгийрүүлэх томоохон боломжийг урьд нь нээж байсан, одоо ч нээж өгч байгаа. Миний дурдсан бүхэн болон бусад олон зүйл нь манай хоёр орны хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө монгол анд нөхөдтэйгөө хамтран ажиллах ажлын нэг хэсэг юм. Монгол, Оросын бүтээлч хамтын ажиллагаа улам арвижин баяжиж, олон талт болж, манай хоёр орны ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө байх болно гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сард болсон Давос дахь Эдийн засгийн форумын үеэр Орос-Монгол-Хятадын гуравласан уулзалтыг Төрийн тэргүүн нарын түвшинд хийх нь манай улсад нэн чухлыг илэрхийлсэн. Гэвч гуравласан уулзалт энэ оны долоодугаар сард Гадаад хэргийн сайд нарын түвшинд боллоо. Ойрын хугацаанд гуравласан уулзалт Төрийн тэргүүн нарын түвшинд болох боломж бий болов уу?
-Одоогоос 10 жилийн өмнө бид хятад хамтран зүтгэгчдийнхээ хамт Монгол, Орос, Хятад гурван талт хамтын ажиллагааны механизм бий болгох Монголын санаачилгыг дэмжсэн. 2014 оны есдүгээр сарын 11-нд Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо болж өнгөрсөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны хүрээнд гурван талын дээд хэмжээний анхны уулзалт болсон. Өнгөрсөн жилүүдэд бид иж бүрэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх найдвартай суурийг тавьж чадлаа. 2015 онд бид бүгд нийлж улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, гадаад бодлого гээд бараг бүх гол гол салбарыг хамарсан “Замын зураглал”-ыг баталсан. 2016 онд холбогдох газруудын түвшинд Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Энэ нь юуны түрүүнд Монгол Улсын транзит тээврийн өвөрмөц боломж, чадавхыг дээд зэргээр нэмэгдүүлэх, мөн Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Монголын “Талын зам” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг үр дүнд хүргэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Коронавирусний цар тахлын улмаас түр завсарласны дараа манай гурван улсын тэргүүн нар 2022 оны есдүгээр сарын 15-нд Узбекистан улсын Самарканд хотноо зургаа дахь удаагаа уулзсан билээ. Түүнээс хойш ажлын хуваарийн зөрүү зэрэг техникийн шалтгааны улмаас дээд хэмжээний уулзалтыг дахин зохион байгуулж чадаагүй. Гэсэн хэдий ч бид энэхүү механизмыг маш чухал бөгөөд эрэлт хэрэгцээтэй гэж үздэг. Тиймээс Орос улс ийм гурван талт механизмын хүрээнд үр бүтээлтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа нь ойлгомжтой.
-Орос-Монгол-Хятадын Эдийн засгийн коридор болон “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг Монголын эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд илүү үр өгөөжтэй болгох санал, санаачилгыг Оросын талаас гаргах уу?
-Гурван талын байтугай хоёр талын хамтын ажиллагаа нь хамтын ажиллагаанд оролцож буй бүх талд ашигтай байж л амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах санаачилгыг Монгол Улсын төр засгаас анх “Талын зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гаргасныг та надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Сүүлийн үеийн ололт амжилтуудаас дурдваас, өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэсэн ачаа барааны хэмжээ 1.5 дахин нэмэгдэж, 2023 онд 32.4 сая тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон. Энд цохон тэмдэглэхэд, ОХУ, БНХАУ-ын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх чингэлэг ачааны тээвэрлэлт мэдэгдэхүйц нэмэгдлээ. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын бүх Ерөнхийлөгч нам харгалзахгүйгээр Оросоос Хятад руу тээвэрлэх хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барих асуудлыг яриа хэлэлцээний үеэр хөндөж байв. 2021 онд бэлтгэл ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Батлагдсан хуваарийн дагуу зураг төсөл, судалгааны ажлыг гүйцэтгэж буй “Газопровод Союз Восток” тусгай зориулалтын хамтарсан компанийг үүсгэн байгуулсан юм. 960 гаруй километрийн урттай “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд 2022 оны нэгдүгээр сард ТЭЗҮ-ийг баталж, шаардлагатай инженерийн судалгааг хийсэн. Мөн 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр төслийн баримт бичгийг бүрдүүлэх ажил дууслаа. Ташрамд дурдахад, эхэндээ монгол түншүүд маань байгалийн хийг зөвхөн өөрийн нутгаар дамжуулан тээвэрлэхээр ярьж байсан бол одоо улс орныхоо эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэхэд хоолойгоор орж ирж буй хямд хийг ашиглах боломжийг судалж байна.
-Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр УИХ-д дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл сонгогдож, ялалт байгуулсан. Ингээд нэг нам ганцаар засаглахын оронд гурван намын хамтарсан Засгийн газрыг байгууллаа. Та энэхүү улс төрийн шинэ хуудсыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Юуны өмнө энэ оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэе. Сонгуулийн үйл явцыг маш өндөр түвшинд зохион байгуулж байсныг Монголд ажилласан Оросын ажиглагчид нотолсон. Манай талаас Монголын ард түмний сонголтыг үргэлж хүндэтгэдэг. Миний санаж буйгаар өнөөгийн Засгийн газар нь Монголд байгуулж буй анхны хамтарсан Засгийн газар биш. Боловсон хүчний халаа сэлгээ нь манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх харилцан хүсэлд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна6
-Ойрын өдрүүдэд хэвлэлийн эрх чөлөөний асуудал манай улсад хурцаар тавигдаж байгаа. Оросын хувьд ч зарим хэвлэл мэдээллийн байгууллагынхаа эрхийг цуцалсан. Нөгөөтээгүүр, барууны орнуудад Оросын уламжлалт болон дижитал сувгуудыг хориглоод байна. Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө болон улс орны үндэсний аюулгүй байдлын тэнцвэрийг хэрхэн барих вэ?
-Үнэхээр манай сэтгүүлчид ажиллахыг оролдож буй барууны бараг бүх улс оронд элдэв төрлийн саад тотгортой учирч байна. Түүнчлэн Оросоос цацаж буй телевизийн сувгуудыг хориглож, манай хэвлэл мэдээллийн болон цахим мэдээллийн хэрэгслүүдийг шууд “цензурдэж” байна. Мэдээж энэ нь үг хэлэх, мэдээллийг чөлөөтэй түгээх ардчилсан зарчимд харшилна. Гэтэл манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юу хийж байна вэ гэхээр өнөөгийн тулгамдсан асуудал болон дэлхий дахинд болж буй үйл явцын талаарх Оросын үзэл бодлыг үндэслэлтэйгээр танилцуулахыг л хичээж байна. Тэд үүнийг ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээнд болон тухайн улсын үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн, хүндэтгэлтэйгээр хийдэг. Гэтэл өөрсдийгөө эрх чөлөөний жишиг гэдэг барууныхан эвгүй, тэдэнд таалагдахгүй байгаа баримтаас, мөн үнэн мэдээллээс нуугдахын тулд манай сэтгүүлч, сурвалжлагчдыг шууд хавчин шахаж, тэднийг “Кремлийн суртал ухуулагчид” хэмээн ялгаварлан гадуурхаж байна.
Орос улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд эрх чөлөөтэй бөгөөд үүнийг Үндсэн хуулиар хатуу баталгаажуулсан. Мэдээллийн салбар олон ургалч үзэлтэй, нээлттэй байх ёстой гэдэгт бид бат итгэлтэй байдаг. Оросын эрх баригчид телевизийн суваг, мэдээллийн агентлаг, сонин, интернэт сайт болон олон нийтийн харилцааны бусад байгууллагатай тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцын бодлогоос үл хамааран бүтээлчээр харилцан, хамтран ажилладаг. Тэдэнд тавигдах цорын ганц шаардлага нь Оросын хууль тогтоомжийг дагаж мөрдөх явдал юм. Үүнийг манай улсад итгэмжлэгдсэн гадаадын сурвалжлагч нар ойлгох хэрэгтэй. Ингэснээр таны хэлсэнчлэн хэвлэлийн эрх чөлөө болон үндэсний аюулгүй байдлын хоорондын зайлшгүй тэнцвэрт байдал хадгалагдана.
-Энэ оны олимпод ОХУ-ын тамирчдыг улсынхаа далбаан дор оролцохыг хориглосон атлаа Израил улсад ямар ч хориг тавиагүй. Ийм ялгавартай шийдвэрийн шалтгааныг Та юу гэж харж байгаа вэ?
-Олон улсын олимпын хорооны өнөөгийн удирдагчид “хамтын барууны”, тэр дундаа АНУ-ын захиалгаар ажиллаж байгаагаараа өөрсдийн хамгаалах ёстой олимпын үзэл санааг бүдүүлгээр уландаа гишгэж буй хэрэг. Тамирчдын эрх ашгийн төлөө, мөн олимпын хөдөлгөөний бүрэн бүтэн болон түгээмэл байдлын төлөө тэмцэхийн оронд тэд өөрсдийн байр суурь, эрх мэдэл, санхүүгийн сайн сайхан байдлыг хадгалахад бүх хүчээ зарцуулж байна. Манай тамирчдыг уралдаан тэмцээнд оролцуулахгүй байгаагаас гадна манай үндэсний бэлгэ тэмдгийг хориглосон. Байдал бүр дордоод, олон улсын тэмцээнүүдэд “Орос” гэдэг үгийг хориглохдоо хүрээд байна шүү дээ. Энэ бүхэн нь дэлхийн ард түмнийг нэгтгэх, хагаралдуулахгүй байх ёстой спортыг улстөржүүлж болохгүй гэсэн Олимпын хөдөлгөөний түгээмэл тунхаглалын үндсэн зарчмуудыг илт зөрчиж байна. Саяхныг хүртэл олимпын наадам иргэншил, арьсны өнгө, үндэс угсаа, улс төрийн итгэл үнэмшлээс үл хамааран бүх тамирчинд нээлттэй, хүртээмжтэй байсан. Олимпын наадам чухам үүгээрээ л чухал байсан юм шүү дээ. ОХУ спорт нь улс төрөөс ангид байх ёстой гэж үзэхийн зэрэгцээ ард түмэн, улс орнуудын хооронд хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайванч, сайн хөршийн эрх тэгш, нэг нэгнийгээ харилцан хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх үзэл санааны дагуу харилцаа холбоо бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс бид спортын хөдөлгөөнийг ардчилсан болгох, зохиомол саад тотгор, хязгаарлалтуудыг арилгах, үндэсний болон олон улсын спортын арга хэмжээний хэлбэрийг өргөжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.
-Та энэ оны хоёрдугаар сард Америкийн сэтгүүлчид өгсөн ярилцлагаа Орос болон орчин цагийн Украины түүхээс эхэлсэн. Өмнө нь байсан Оросын удирдагч нарын Украинтай холбоотой шийдвэрүүдийг тодорхойлохдоо “ойлгомжгүй” гэдэг үгийг олонтоо дурдсан байсан. Таныхаар өнөөгийн Орос-Украины нөхцөл байдал зөвхөн бусдаас болж үүссэн гэхээсээ илүүтэй дотоодын буруу бодлого ч мөн нөлөөлсөн гэсэн үг үү?
-Украин дахь өнөөгийн нөхцөл байдалд гадаад, дотоодын олон хүчин зүйл ихээхэн нөлөөлсөн. Мөн ЗХУ-ын удирдагчдын үндэсний болон нутаг дэвсгэрийн асуудлаар гаргасан шийдвэрийн үр дагавар нь сөрөг үүрэг гүйцэтгэсэн. Украиныг үүсгэн байгуулах үйл явц нь 1917 оны хувьсгалын дараахан эхэлсэн. Уг нутаг дэвсгэрт тодорхой хил хязгааргүй, тогтворгүй хэд хэдэн хиймэл улс ээлжлэн, богино хугацаанд үүсэж, алга болж байсан. Үүний дараа ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан холбооны бүгд найрамдах улсуудын хилийг төр засгаас “пролетарийн зайлшгүй хэрэгцээний” дагуу дур зоргоороо зурсан. Ийнхүү голдуу оросууд оршин суудаг аж үйлдвэрийн Донбассыг Украинд шилжүүлсэн юм. Аугаа их эх орны дайны өмнөхөн болон дараа И.В.Сталин өмнө нь Польш, Румын, Унгар зэрэг улсын эзэмшилд байсан хэсэг газрыг ЗХУ-ын салшгүй хэсэг болох Украинд нэгтгэсэн. Харин 1954 онд Н.С.Хрущев ЗСБНХОУ (Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс)-ын нэг хэсэг байсан Крымийг Украинд “бэлэглэсэн” гэж хэлж болно. Зөвлөлтийн удирдагчид хэзээ нэгэн цагт ЗСБНХУ оршин тогтнохоо больж, зохиомлоор зурсан засаг захиргааны дотоод хилийн дагуу задран унана гэж таамаглалгүйгээр тухайн үеийн геополитикийн бодит байдлын үүднээс шийдвэр гаргасныг ойлгох хэрэгтэй. Тиймээс өдгөө өрнөж буй үйл явдлууд нь тодорхой түүхэн учир шалтгаантай нь гарцаагүй.
Үүний зэрэгцээ Украинд болж буй эмгэнэлт үйл явдлын гол шалтгаан нь АНУ тэргүүтэй “хамтын барууны” улс орнуудын Оросын эсрэг чиглэсэн зорилготой бодлого юм. Хэдэн арван жилийн турш тэд Украинд бүрэн хяналтаа тогтоохыг эрмэлзэж ирсэн. Тиймээс тэд үндсэрхэг үзэлтэй болон Оросын эсрэг байгууллагуудыг санхүүжүүлж, Орос бол Украины мөнхийн дайсан, оршин тогтноход нь заналхийлж буй гол хүчин зүйл хэмээх үзэл баримтлалыг системтэйгээр сурталчилж ирсэн. Нэг ёсондоо Украин нь барууны геополитикийн амбицыг хэрэгжүүлэх талбар, мөн золиос нь болсон юм. 2014 онд америкчууд болон тэдний дагуулууд Украинд зэвсэгт төрийн эргэлт зохион байгуулсан. Радикал неонацист бүлэглэлүүд уг төрийн эргэлтийн гол оролцогчид бөгөөд үзэл сурталчид нь байв. Үүнээс хойш тэд Киевийн төрийн чиг хандлагыг бүхэлд нь тодорхойлох болсон. Киевийн дэглэм Донбассыг бүслэлтэд авч, тус бүс нутгийг тогтмол галлаж, олон жилийн турш олон сая энгийн иргэнийг нь хоморголон устгаж ирсэн. Оросын гэх бүх зүйлийг үзэн ядах нь Украины албан ёсны үзэл суртал болов. Орос хэлийг улам их хорих болсон. Каноник үнэн алдартны шашныг эхлээд шахан гадуурхдаг байсан бол одоо шууд хориглож байна. Өнөөдөр бид барууныхны Украинд хэрэгжүүлсэн сүйтгэх стратегийн логик үр дүнгийн гэрч болж байгаа. Түүгээр ч барахгүй барууны элитүүд Киевийн одоогийн дэглэмийг Оростой хийх тэмцлийнх нь зэвсэг гэж үзэн, улс төр, санхүү, цэргийн ихээхэн дэмжлэг үзүүлсээр байна. Бид энэ бүхнийг харж, ойлгож байгаа бөгөөд Орос Улс болон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс цэргийн тусгай ажиллагааны хүрээнд тавьсан бүх зорилгодоо хүрэхийн тулд тууштай ажиллах болно.
Ярилцсан Балдоржийн НАНДИНТҮШИГ, НОМИНТҮШИГ