“Чанар муутай барилга ашиглалтад оруулаад хариуцлага хүлээсэн хүн Монголд нэг ч байхгүй” Нийслэлд өдөр бүр шахам барилга ашиглалтад оруулж байна. “Яасан ч хурдан барьдаг юм. Саяхан л суурийг нь тавьж байсан” гэх үгс иргэдийн дунд амнаас ам дамжин яригддаг болж. Барилгын ажил саадгүй үргэлжилж, олон давхар байшингууд богино хугацаанд сүндэрлэдэг ч тэдгээрийг стандартынх нь дагуу барьсан уу, үнэхээр чанартай юу гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Орон сууцын хана цуурч, газар хөдлөхөд абажур нь унасан, саяхан ашиглалтад оруулсан барилгын тааз, тагт нурсан тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Барилгын ажил улирлын чанартай учраас зуны хэдхэн сард багтаан ашиглалтад оруулах гэж яаравчилсан компаниуд норм, нормативаа умартаж, чанарыг хайхардаггүй гэж хардахад хүргэнэ. Тухайлбал, хотын А бүсэд сүндэрлэсэн “Хурд” хорооллын орон сууцын нэг ам метр талбай нь дөрөв орчим сая төгрөгийн үнэтэй. Гэвч барилгын чанар эл үнэдээ хүрэхгүйг оршин суугчид нь хэлж байв. Хоёр жил гаруйн өмнө нэгэн эмэгтэй “Дээд айл ус алдсанаас болж манай унтлагын өрөөний тааз нурчихлаа” хэмээн цахим орчинд бичиж байсан. Эл хороололд энэ мэт асуудал мундахгүй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус хорооллын нэгдүгээр давхрын ханыг нурааж, оршин суугчдын тав тух, барилгын чанар, бат бөх байдалд халдсан явдал болсон юм.
Үүнд тус байрны оршин суугчид бухимдан СӨХ-ндоо хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч тэд тоогоогүй гэв. Түүнчлэн эл хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэн битгий хэл, бага насны хүүхэдтэй хүн ч амьдрахад хэцүү. Барилгын налуу замыг хийхдээ хүмүүсийн аюулгүй байдлыг бодолцож, стандартад нийцүүлэх ёстой. Харамсалтай нь, эл хорооллын налуу замаар оршин суугчид нь гарахад хэцүү, хэтэрхий эгц. Мөн өнгөрсөн жил “Гарден сити” хотхонд айлын тааз нурсан тохиолдол гарч байв. Иргэд “Нийслэлд буй барилгууд чанарын шаардлага хангадаггүй. Хана нь нимгэн учраас хажуу айлын хэрүүл маргаан битгий хэл, яриа нь хүртэл сонсогддог. Ашиглалтад оруулаад удаагүй ч орцны хана цуурсан барилга цөөнгүй” гэх мэт асуудлыг байнга шахам ярьдаг. Гэвч эл асуудлыг хэн нэгэн эрх мэдэлтэн цэгцэлсэн нь үгүй. Нийслэлд орон сууцуудын нэг ам метр талбайн үнэ байршлаасаа хамаараад 1-4 сая төгрөг байна. Гэтэл нэг ам метр талбайг нь дөрөв орчим сая төгрөгөөр худалдан авсан орон сууц хэдхэн өдөр дараалан орсон борооны ая даалгүй таазнаас нь ус шүүрч, эсвэл шохой нь унах, бохирын болон цэвэр усны шугам хагарах нь хэвийн үзэгдэл болжээ. Ашиглалтад оруулаад удаагүй барилгуудад энэ мэт асуудал гарч буйгаас манай улсад барилгын
чанарын хяналт бүрэн алдагджээ гэдгийг харж болно. Барилгын компаниуд сууцуудаа аль болох хямд өртгөөр барьж, богино хугацаанд ашиглалтад оруулахыг чухалчилдаг болсон. Ингэхдээ цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэхийн тулд мөн л хамгийн хямд ажиллах хүчийг эрэлхийлдэг юм байна. Үүний тулд ихэвчлэн оюутнуудыг буюу мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулдаг. Хянаж шалгах ёстой албаныхан нь ч энэ асуудлыг хараагүй юм шиг “нүдээ аниад” өнгөрөөдөг. Эцэст нь иргэд л хохирч үлдэнэ.
БАРИЛГЫН ЯВЦЫГ ЗАХИАЛАГЧ БОЛОН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ ХЯНАНА
Барилга угсралтын явцад зураг төсөл, барилгын материалын чанарт өдөр тутам хяналт тавих ёстой ч манайд уг үйл явц алдагдчихсан. Энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хяналт шалгалт хийх ёстой байгууллагууд нь ч бие бие лүүгээ чихээд өнгөрдөг жишиг хэдийн тогтжээ.
Барилга, орон сууц барихдаа хаана хандаж, зураг төслөө хэрхэн магадлуулах талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрынхнаас тодруулахад “Барилга барих гэж буй бол хамгийн түрүүнд зураг төслийн баримт бичигт магадлал хийлгэх шаардлагатай. Үүнийг Барилгын хөгжлийн төв хийнэ. Барилгын явцыг захиалагч болон зураг төсөл зохиогч хянана. Ажил дуусмагц нь “E-Mongolia”, “E-Bussiness” зэрэг аппликэйшнээр дамжуулан нийслэлийн Хяналт шалгалтын газарт хүсэлт явуулна. Ингэснээр манайхаас урьдчилсан үзлэг хийж, барилгын стандарт, шаардлага, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, эсэхийг шалгана. Үүний дараа нийслэлийн харьяа 16 байгууллагын төлөөлөгчид очиж шалгадаг. Эх загвар болон ерөнхий төлөвлөгөөний зургийг Улаанбаатар хот болон аймгийн ерөнхий архитектороор баталгаажуулах ёстой. Мөн галын аюулгүй байдлын хяналтын болон дулаан, ус, цахилгаан, холбооны ашиглалтын байгууллагатай зөвшилцөж, шаардлагатай тохиолдолд байгаль орчны үнэлгээ хийлгэнэ” гэсэн юм.
Хот байгуулалт, хотын стандартын газраас гаргасан мэдээллээр өнгөрсөн 1-5 дугаар сарын хугацаанд Барилга, хот байгуулалтын хэлтэст 296 хүсэлт иржээ. Харин Барилга, байгууламжийн чанар стандартын хэлтэст нь 36 бичиг ирсэн байна. Гэвч тэдгээр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, арга хэмжээ авсан, эсэх нь тодорхойгүй.
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ БОЛОН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА
Засгийн газар энэ сарын 14-ний хуралдаанаараа бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд “Бага орлоготой залуу гэр бүл, төрөөс зайлшгүй халамж шаардлагатай айл өрхийг орон сууцаар хангаж, орон нутагт төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Төрийн орон сууцын корпорац хамгийн хямд үнээр орон сууц барина” хэмээн салбарын сайд нь ам гарчихсан. Гэвч хямд үнээр богино хугацаанд орон сууц барих нь маш эрсдэлтэй. Наанадаж үнэ өртгөө бодоод хамгийн хямд материал сонгоно. Гэтэл барилгын чанар материалын сонголтоос ихээхэн хамааралтай. Санаа нь сайхан хэдий ч амлалтаа биелүүлэхийн тулд төр өөрөө чанаргүй орон сууц олноор “үйлдвэрлэх” нь гэж эндээс ойлгогдоно.
ЧАНАРГҮЙ БАРИЛГА БАРЬСАН ХҮМҮҮСИЙГ ОГТ ШАЛГАДАГГҮЙ
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Орон сууцын барилгыг Улсын комисс хүлээж авдаг асуудлыг зураг төслийн компанид нь нэг мөр хариуцуулдаг болъё. Зураг төсөл боловсруулсан компани нь тухайн барилгаа хариуцдаг байх ёстой. Чанар муутай барилга ашиглалтад оруулах нь гэмт хэрэг атал нэг ч хүнийг шалгадаггүй. Хүний өмчийн эрхийг зөрчдөг боллоо. Үүнээс гадна компаниуд барьж буй барилгынхаа урд цэцэрлэгт хүрээлэнтэй байна гэж захиалга авдаг. Гэтэл байраа борлуулсны дараа төрийн байгууллагуудтай хуйвалдаад, нэмээд барилга барьчихдаг. Энэ бол залилан. Манай бүх барилгын компани ийм байдлаар залилан хийдэг. Эл асуудлыг анхаараач гэж Засгийн газраас хүсэж байна. Чанар муутай барилга ашиглалтад оруулаад хариуцлага хүлээсэн хүн Монголд нэг ч байхгүй. Тиймээс барилгын компаниудыг хариуцлагатай болгомоор байна” гэсэн нь маш ноцтой баримт юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор саяхныг хүртэл ажиллаж байсан хүн хүртэл манайд барилгын чанарыг огт хянадаггүйг ийнхүү хэлсэн юм. Гэвч гол асуудал нь одоо хүртэл тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, барилгын чанарыг хэн, яаж хянах вэ гэдэг нь ойлгомжгүй л байна.
БАРИЛГЫН ЧАНАР МАТЕРИАЛЫН СОНГОЛТООС ШАЛТГААЛДАГ
Орон сууцын барилгын чанарыг хэрхэн таних талаар Барилгын хөгжлийн төвийнхөн “Хоёр аргаар таньж болно. Нэгдүгээрт, гадна фасадаас эхлэн дотор заслын материал, тоноглол, түүний загвар дизайн зэрэг ил харагдах зүйлээс мэдэж болно. Мөн орц, лифт, гарааш, гадна тохижилт, нийтийн эзэмшлийн хэсэг зэрэг нүдэнд харагдаж, гарт баригдаж болохуйц бүхий л материалаас бид чанарыг нь шалгах боломжтой. Тухайлбал, ихэнх барилга хөөсөн фасад ашигладаг. Гэтэл энэ нь ашиглалтад орох үедээ л гоё харагдаад, 2-3 жилийн дараа хөвсийж хуулрах, цуурах, өнгө үзэмжээ алдаж, унах нь ч бий. Сүүлийн үед эдгээр асуудлыг шийдсэн, байгалийн эрс тэс уур амьсгал болон галын аюулд тэсвэртэй, олон жилийн эдэлгээтэй хөнгөн цагаан, шаазан, чулуун гэх мэт илүү дэвшилтэт фасадын материалуудыг ашиглах болсон. Тиймээс барилгын ил харагдах материал, тоноглолыг үнэлэхдээ зөвхөн өнгөн талаас нь бус, чанарт нь анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, сантехникийн гадна болон дотор шугам хоолой, цахилгааны кабель, арматур, бетоны бат бэхийн үзүүлэлт, дулаалгын материал зэргээс мэдэх боломжтой. Үүнээс гадна дээвэр хийхэд ашигласан материал, технологи, хийцлэл, хөндлөнгийн хяналт шалгалт зэрэг нь нүдэнд ил харагдахгүй ч барилгын чанарыг шууд тодорхойлдог. Материалын чанар, эдэлгээ хамгийн чухал. Тиймээс олон улсад стандартын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Тухайн барилгад ашигласан материал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын стандарт хангасан байх нь урт удаан хугацааны насжилт, эдэлгээний баталгаа болдог. Өндөр зэрэглэлийн орон сууцын бетоны марк нь өндөрсөж, усны хамгаалалттай болдог. Үүний үр дүнд барилга илүү чанартай болно. Дагаад бусад материалын чанар ч сайжирдаг. Нөгөөтээгүүр, барилгын зураг төсөлд тусгасан бараа, материалын өртгийг бууруулах үүднээс хямдыг сонгох тохиолдол бий. Түүнчлэн барилгын ажилд гүйцэтгэгч компани чухал үүрэгтэй. Учир нь зураг төслийн дагуу газар шорооны ажлаас эхлээд суурь цутгах, арматур зангидах, цонх, хаалга, дээвэр, шал, сантехникийн болон цахилгааны шугам сүлжээг технологийн дагуу угсарч, суурилуулснаар барилгыг цогцоор нь бүтээдэг юм. Тиймээс орон сууц худалдан авахаар төлөвлөж байвал гүйцэтгэгч компанийг сайтар судлах шаардлагатай” гэлээ.
У.Цэцэгсүрэн