Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс “Онцгой нөхцөл байдал үүссэн үеийн сургалтын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг Монгол Улсад анх удаа хийжээ. Судалгаагаар манай улсад сүүлийн 77 жилд тохиосон өвлийн “өнгө”-ийг шинжсэн байна. Энэ хугацаанд өнтэй буюу хэвийн өвөл 55, харин зудтай жил 45 хувьд нь тохиожээ. Манай улсад 189 300 малчин өрх бий. Малчид ажиллах хүчний 25 хувийг эзэлдэг. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний 12.6 хувийг үйлдвэрлэж буй юм.
Өнгөрсөн өвлийн зуднаар улсын хэмжээнд нийт малын 12 хувь буюу 8.1 орчим сая толгой мал хорогдсон байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80.6 хувь нь зудын нөхцөл байдалтай байсан аж. Үүний улмаас олон хоногоор хичээл тасалдаж, хүүхдүүд сургууль завсардах шалтгаан болж болзошгүй гэж судалгаанд хамрагдсан багш нарын 69 хувь нь үзсэн байна. Хичээлээс хоцорсон хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй болох, үзэж, судалсан сэдэв, агуулгаа мартах, хичээлээ ойлгохгүй, багшаасаа айж эмээх, ядрах зэрэг бэрхшээлтэй тулгардаг ажээ. Тиймээс ЮНЕСКО-гийн зудын гамшгийн хариу арга хэмжээний төслийн хүрээнд 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх “Өвөл, хаварт бэлэн үү” цуврал цахим аяныг зохион байгуулж буй гэнэ.
Ч.Болор