БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэтэй ярилцлаа.
-Дипломатчийнхаа хувьд Латин Америк, Карибын тэнгисийн орнууд, БНАСАУ-д томилогдон ажиллаж байсан танаас Азийн, ардчилсан Монгол Улсад ирсэн анхны сэтгэгдлийг тань сонсож ярилцлагаа эхэлье.
-Би сүүлийн 20 жилийн хугацаанд албан ажлаар болон хувиараа 40 гаруй оронд очиж. Монголын хурц нарны тусгал, мөнх хөх тэнгэр нь үнэхээр сайхан. Хүмүүс нь аз жаргалтай, халуун дулаан, найрсаг. Зуны Улаанбаатар борооны улиралд үзэсгэлэнт ногоон уулсаар хүрээлэгдсэн, миний төрсөн нутаг Пуна хот шиг санагдлаа. Монголын хүйтэн өвөлд ч бэлдэж байна.
-Та ирснээсээ хойш салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байна. Манай хоёр улсын харилцааны тэргүүлэх салбарууд болох аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид яаж хөгжүүлэхээр ярилцаж буй талаар хуваалцахгүй юу?
-Энэтхэг, Монгол хоёр бол стратегийн түншүүд. 2015 оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд ноён Нарендра Моди танай улсад айлчилж, олон салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар манай харилцааны замналд нэн чухал эргэлт болсон. Хоёр орны найрсаг харилцаа олон талаар хөгжиж байна. Миний хувьд цөөн хэдэн салбар болон тэдгээрийн хамгийн сүүлийн үеийн дэвшилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй байгаа. Тодруулбал, хөгжлийн түншлэлийн хүрээнд Дорноговьд Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж буй. Төслийн эхний үе шат дуусаж, “Монгол нефть боловсруулах үйлдвэр” компанид хүлээлгэн өгч байна. Бусад үе шат ч хуваарийн дагуу үргэлжилж, 2026 оны эцэс, 2027 оны эхээр дуусахад Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, олон мянган хүнийг ажлын байраар хангана. Энэ бол хамгийн чухал төсөл. Томоохон төсөл хэрэгжүүлэхэд логистиктой холбоотой асуудлууд тулгардаг ч Энэтхэг, Монголын тал тэдгээрийг амжилттай шийдвэрлэж, хугацаанд нь дуусгана гэдэгт итгэлтэй байна. Мөн Энэтхэгийн компаниуд коксжих нүүрс, зэс болон алт зэрэг бусад ашигт малтмалыг Монголоос авах сонирхолтой байна. Хоёр тал ашигт малтмалыг Энэтхэг рүү тээвэрлэх логистикийн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг хайж, Орос, Хятадаар дамжин өнгөрөх талаар судалж байгаа. Түүнчлэн Монголын ариун дагшин Ганжуурын 100 багц (тус бүр нь 108 боть)-ыг хоёр жилийн өмнө дахин хэвлэж, олон сүм, хийдэд тараасан. Энэтхэгт 50 шинэ багц Ганжуурыг дахин хэвлэж байгаа. Удахгүй хийдүүдэд хүргэнэ. 2022 онд Энэтхэгээс Бурхан багшийн ариун нандин дурсгалуудыг авчирсан. Бид ирэх онд Бурхан багшийн шавь нарын (Шарипутра, Модгальяна) гэгээн дурсгалуудыг Монголд авчрахаар төлөвлөж байна. Үүнээс гадна хоёр орны Онцгой байдлын ерөнхий газар гамшгаас хамгаалах чиглэлээр бие биенээ дэмжиж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэтхэг улс туршлагаа хуваалцах боломжтой. Бас батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтарсан ажлын хэсгийн 12 дугаар хуралдаан өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатарт болсон. Монголд болдог “Хааны эрэлд” сургуулилалтад Энэтхэг улс тогтмол оролцож ирсэн. Энэ сарын 8-нд өндөрлөсөн сургуулилалтад манайхаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь хамгийн томд тооцогдоно. Мөн Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн долоодугаар сард “Нүүдэлчин заан” хоёр талт сургуулилалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоныг тэмдэглэхэд таатай байна. Цаашлаад Улаанбаатарт Энэтхэг, Монголын найрамдлын сургууль барихад зориулж 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд 2026 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа.
-2021 онд Элчин сайдын томилолтоо дуусгаж ирээд, Гадаад хэргийн яамандаа цахим засаглал, мэдээллийн технологи хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан талаар намтарт тань дурджээ. Энэтхэгийн мэдээллийн технологийн салбарын ололт амжилтаас бид суралцаж ирсэн. Иймд цахим засаглал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын тухайд юу хэлэх вэ?
-Шинэ Делид сүүлийн 2.5 жил ажиллахдаа Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албыг хашсан. Мөн 2022 оны арванхоёрдугаар сараас 2023 оны арваннэгдүгээр сар хүртэл G20-ийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн мэдээллийн технологийн тэргүүнээр ажилласан. Энэ нь маш том арга хэмжээ байсан учраас мэдээллийн технологийн хувьд хувь нэмрээ оруулах том боломж олгосон юм. Энэтхэг, Монголын мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж буй. Энэтхэгийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарт ШУТИС-ийн Мэдээллийн технологийн дэвшилт төв барьж буйд баяртай байгаа. Тус төвийг ирэх зургаан сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр жил бүр 800 орчим оюутанд дээрх чиглэлээр орчин үеийн сургалт явуулах юм. Энэ нь олон зуун монгол залуусыг ажлын байртай болгоход тусална. Мөн Энэтхэг улс Монголын кибер аюулгүй байдлын дэд бүтцийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой. Монгол Улс “Цахим Монгол” гэх мэт томоохон ажил эхлүүлээд байгаа шүү дээ.
-Та 2017-2018 онд Шинэ Дели дэх Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийг удирдаж байсан юм билээ. Энэтхэг соёлын онцлогийг та товч тодорхойлбол юу гэж хэлэх вэ?
-Энэтхэг, Монгол хоёр бол Азийн орон, гэр бүлийн үнэт зүйлийг чухалчилдаг. Энэтхэг улс албан ёсны 22 хэлтэй, дэлхийн хамгийн том ардчилсан орон. Манай улсын 28 муж тус бүр өөрийн гэсэн хувцас, хоолны соёлтой. Нөгөө талаас Энэтхэг бол бараг сар бүр томоохон наадам зохион байгуулдаг баяр наадмын орон юм. Энэтхэгийн Дивали буюу “гэрэл гэгээ” гэж нэрлэгддэг баяр хамгийн том нь. Бас манай орон хинду, христ, ислам, буддизм, сикхизм, жайнизм, еврей, замуупарсис гэх мэт янз бүрийн шашинтны нутаг юм.
-БНАСАУ-д Элчин сайдаар томилогдохдоо та Энэтхэгийн хамгийн залуу Элчин сайдуудын нэг гэгдэж байсан. Дипломат, олон улсын харилцааны салбарыг яагаад сонгон ажилласан тухайгаа хуваалцахгүй юу. Өнөөдрийг хүртэл ажиллахад таныг юу нь дурлуулж, хөтлөв?
-Дипломат ажил бол хүн төрөлхтний хамгийн эртний мэргэжлүүдийн нэг. Энэ мэргэжил олон янзын үндэс суурь, соёл, тэргүүлэх чиглэлтэй хүмүүстэй уулзах боломжийг бидэнд олгож, оюун ухаан, туршлагаа баяжуулахад хүргэдэг. Гадаад оронд эх орноо төлөөлөн ажиллах нь нэр төрийн хэрэг. Дипломат ёс нь үндэснийхээ эрх ашгийг хамгаалж, сурталчлах замаар улс орондоо үйлчлэх боломж олгодог. Энэ бүхэн намайг татсан.
-Энэтхэгийн парламентын сонгууль саяхан болсон. Манайх ч УИХ-ын сонгуулиа явууллаа. Танай улсаас ажиглагчид ирсэн байсан. Та манай сонгуулиас юу олж харснаа хуваалцахгүй юу?
-Энэтхэг, Монгол хоёр ардчилсан улс. Ардчиллын их “сургуулилалт”-ыг амжилттай зохион байгуулсан Монголын ард түмэнд баяр хүргэе. Өнгөрсөн зургаадугаар сард болсон сонгуулийн үеэр Энэтхэгийн Сонгуулийн ерөнхий комиссын төлөөлөгч ажиглахаар ирсэн. Монголын сонгууль тэгш, мэргэжлийн түвшинд болж, ард иргэд нь идэвхтэй оролцлоо. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн явцыг хянахдаа мэдээллийн технологийг сайн ашигласан.
-Та эх хэл маратигаасаа гадна хинди, англи, испани хэлтэй юм билээ. Бас франц хэл бага сага мэддэг бололтой. Мөн спортоос крикет, бадминтон, теннис, гольф тоглодог юм байна. Одоо шинээр ямар хэл сурч, ямар спорт сонирхож байна вэ?
-Монгол бол баялаг сайхан хэл. Би хэд хэдэн монгол хэллэг сурч байна. Спортын тухайд Монголын морин спорт, байт харваанд их татагддаг. Монголд байх хугацаандаа морь унаж сурмаар байна.
-Манай улс Энэтхэгийг оюун санааны хөрш хэмээн тодорхойлдог. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Энэтхэг, Монгол хоёр бол оюун санааны хөрш биш, харин буддизмаар дамжсан соёл иргэншлийн гүн хэлхээ холбоо бүхий оюун санааны ахан дүүс гэдгийг би мэдэрдэг. Хэдэн зуун жилийн өмнө Буддын шашны эрдэмтэд, лам нар Энэтхэгийн Буддын шашны эрдэм судлалын алдартай төвүүдэд очдог байсан. Одоо ч энэ үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэтхэг бол Бурхан багшийн нутаг. Монголчууд Энэтхэгийн буддизмтай холбоотой Бод Гаяа, Сарнат, Дармсала зэрэг олон ариун газраар зочлохыг хүсдэг. Энэтхэгийн Элчин сайд 19 дүгээр Бакула Римпочи 1990-2000 онд Монголд 10 жил ажиллахдаа Энэтхэгтэй буддын шашны хэлхээ холбоог бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж, Монголд 100 гаруй сүм, хийд сэргээн босгож, “Бэтүб” хийдийг дахин байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол хэлний сансар зэрэг олон үг санскрит, пали хэлнээс гаралтай. Хэрэв бид хоёр улсыг агаарын замаар шууд холбочихвол Энэтхэг, Монголын оюун санааны харилцаа улам бэхжих болно. Би энэ зорилгынхоо төлөө ажиллаж байгаа.