Хичээлийн шинэ жил эхлэхэд 11 хоног үлджээ. Сургууль цэцэрлэгийн засварын ажил есдүгээр сарын 1-тэй зэрэгцэж дуусдаг жишиг манайд хэдийн тогтсон. Хичээл эхлэх дөхсөн энэ үед нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэдэн хувьтай үргэлжилж буй талаар тодруулахыг зорилоо. Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль, 87 цэцэрлэг, зургаан спорт заал ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажил үргэлжилж буй. Зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэж, төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилгын ажил удаашраад байна. Түүнчлэн сургууль цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай холбоотойгоор нийслэлийн таван дүүргийн найман байршилд 44870 ам метр газрыг чөлөөлсөн” хэмээн мэдээлж байв.
22 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАСВАР 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургуульд өнгөрсөн баасан гарагт очлоо. Тус сургууль сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ гэмээр өнгөлөг хана, тохилог орчин угтсан юм. 22 дугаар сургуулийн захирал Н.Нэргүйдаваа “Бид улсын төсвөөр сургуулийнхаа цайны газрыг өргөтгөж, цахилгааныхаа асуудлыг шийдэхээр болсон. Засварын ажил энэ сарын 1-нд эхэлсэн. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө амжиж дуусгахаар төлөвлөж байна. Харин урсгал засварыг өнгөрсөн хавар хийж дуусгасан. Цайны газрын өргөтгөлд улсаас 70 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд ажлын явц өдгөө 90 хувьтай үргэлжилж байна” гэв. Тус сургуулийн цайны газарт ороход цайвар шаргалыг ногоон өнгөтэй хослуулсан хана, дөнгөж хулдаасалсан шал угтав. Тэд энэ долоо хоногт багтаан үлдсэн ажлуудаа амжуулснаар засвар нь бүрэн дуусах аж.
“БУДГИЙН АЖЛАА ДУУСГАХ ЗААВАРЧИЛГАА ӨГСӨН”
Тус дүүргийн 114 дүгээр сургуульд ч засварын ажил нь ид өрнөж байлаа. Үүдээр нь ороход л будгийн үнэр хамар сэтлэх шахав. Засварын ажлын явцын талаар сургуулийн нярваас тодруулахад “Манайх урсгал засвараа сонгуулийн өмнөөс л эхэлсэн. Гэхдээ сонгууль болон наадмын үеэр амарлаа. Ингээд өнгөрсөн лхагва гаргаас үргэлжлүүлж байна. Бид сургуулийнхаа спорт болон урлаг заалыг будсан. Мөн багш нарын өрөөг засаж сайжруулан, сургуулийн коридор, хана, тааз, шат гээд бүгдийг нь будлаа. Цонхоо ч сольсон. Дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 19 гэхэд будгийн ажлаа дуусгах зааварчилгаа өгсөн. Тиймээс яаравчлан дуусгасан. Одоогоор засварын бага сага ажил үлдэж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгаж, хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлдээ орно” гэсэн юм.
99 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙНХЭН УРСГАЛ ЗАСВАРАА ЭЦЭГ, ЭХЧҮҮДТЭЙ ХАМТРАН ХИЙЖЭЭ
Сонгинохайрхан дүүргийн харьяа 99 дүгээр цэцэрлэгийн засварын үйл явцтай танилцахаар очив. Цэцэрлэгийн хашаагаар ороход үүдэнд нь хуучин угаалтуур, барилгын материалын хог хаягдал овоолсон харагдана. Дотогш орвол цонхнуудаа бүгдийг нь сониноор хаасан байлаа. Ариун цэврийн өрөө, гал тогоо орчимд нь хана өрөмдөж буй чанга чимээ гарч байв. Тус цэцэрлэгийн эрхлэгч “Манай цэцэрлэг 40 жилийн ойтойгоо золгож байна. Цэвэр, бохир усны хоолойнууд хэтэрхий хуучирсан. Бид энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр ариун цэврийн өрөө, гал тогоогоо засварлаж байна. Цэцэрлэг учраас анги бүр ариун цэврийн өрөөтэй байх шаардлагатай. Тухайлбал, манайх 12 ангийн 12 ариун цэврийн өрөөний шугам хоолойг засаж байна. Түүнчлэн гал тогооны тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, ямар нэгэн осол гарахаас урьдчилан сэргийлж байгаа. Одоогоор засварын ажил 85 хувьтай үргэлжилж буй. Нийслэлээс манай цэцэрлэгт 158 сая төгрөгийн төсөв баталсан юм. Урсгал засвар болох анги танхимыг будах, тохижуулах ажлыг бид өнгөрсөн хавар эцэг, эхчүүдтэй хамтарч хийсэн” гэв.
23 БАГЦ ТЕНДЕР ЗАРЛАСНЫ 11-ИЙГ НЬ ШАЛГАРУУЛЖ АМЖСАНГҮЙ
Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийнхнээс тодруулахад “Нийслэл, дүүргийн 73 боловсролын байгууллагын барилгын их засварт 15.4 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Үүнээс 10 сургууль, 13 цэцэрлэгийн их засварт нийслэлийн төвөөс 9.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн юм. Мөн 43 сургууль, цэцэрлэгийн гал тогооны их засварт 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин дүүргийн төсвөөс долоон сургууль, гурван цэцэрлэгийн засварт хоёр тэрбум төгрөг төсөвлөлөө. Засварын ажлын гүйцэтгэл өдгөө 50 хувьтай үргэлжилж байна. Нийт 23 багц тендер зарласны 12 төслийг шалгаруулж, ажил нь үргэлжилж буй . Үлдсэн 11 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг шалгаруулж хараахан дуусаагүй. Ажил гүйцэтгэх хугацааны тухайд засвараасаа хамаараад харилцан адилгүй байж болно. Бид засвар хийхдээ сурагчдын аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг. Мөн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахаар холбогдох байгууллагуудад нь шаардлага тавьж байна гэсэн юм.
Түүнчлэн энэ жил хэд хэдэн сургуулийг нурааж, шинэчлэн барихаар болсон билээ. Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын тав болон 62 дугаар сургуулийн барилгыг шинэчилж, өргөтгөж байгаа. Тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга дөрвөн давхар бөгөөд 23 ангитай, 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Гэвч уг сургуулийн барилгын ажил өдгөө тав дахь жилдээ үргэлжилж буй. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн өргөтгөлийн ажил 2019 онд эхэлж, 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Гэвч гүйцэтгэгч компани таван жилийн хугацаанд барилгыг ашиглалтад оруулсангүй. Яамны зүгээс шаардлагатай төсөв, санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэсэн боловч ашиглалтад оруулах хугацаа нь тодорхойгүй, удаашралтай байгаа. Тиймээс гүйцэтгэгч “ГПС” компанитай цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж үзэн, гэрээг нь цуцалсан. Мөн үлдсэн санхүүжилтийн эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж, дахин тендер зарлахаар боллоо. Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, есдүгээр сард багтаан өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулна” гэсэн юм.
Гэтэл бодит байдалд тус сургуулийн өргөтгөл барих ажил зуун задгай байна. Таван жил зассан гэхэд хаалга, цонх ч байхгүй аж. Боловсролын сайд нь есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна гэсэн ч барилгын явцаас нь ажиглахад яавч 10 гаруй хоногт дуусахааргүй харагдана. Дууслаа гэхэд есдүгээр сарын 1-нд сурагчдыг будаг, эмульс ханхалсан анги танхимд хичээллүүлэх бололтой.
“БЕНЗОЛ, ФОРМАЛЬДЕГИД АГУУЛСАН БАРИЛГЫН МАТЕРИАЛ НЬ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ”
Сургууль, цэцэрлэгийн засварын ажилд ашигладаг будгаас формальдегид гэх хортой бодис ялгардаг юм байна. Энэ нь Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан, хорт хавдар үүсгэгчдийн нэгдүгээр ангилалд ордог, аюултай хорт бодис. Удаан хугацаанд уг бодисоор амьсгалснаар цусны болон хамар залгиурын хавдраар өвчлөх эрсдэлтэй гэнэ.
Сургуулийн засварын ажил одоо ч үргэлжилж, хүүхдүүд будаг нь ч хатаж амжаагүй анги танхимд хичээллэх гэж байгаатай холбогдуулан НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаныхнаас тодруулахад “Засвар хийхэд ихэвчлэн будаг, лак, будаг шингэлэгч, эмульс зэргийг ашигладаг. Эдгээр нь тухайн орчиндоо дэгдэмхий нэгдлүүд ялгаруулж, агаарын чанарыг муутгадаг. Будаг нь хатаагүй барилгад удаан хичээллэснээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, бензол, формальдегид агуулсан барилгын материал нь хавдар үүсгэх эрсдэлтэй. Харин толуол, этилбензол нь нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Мөн дэгдэмхий органик нэгдэлд өртөхөд толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, нүд улайх, нус гоожих, хоолой хорсох шинж тэмдэг илэрдэг. Иймээс сургууль, цэцэрлэгийн засварын ажил дууссанаас хойш ядаж нэг сарын дараа хүүхдүүдийг хичээллүүлэх нь зохистой. Мөн агаарын сэлгэлт тогтмол хийж хэвших хэрэгтэй. Тэгэхээр засварыг эрт эхлүүлэх нь аюул багатай” гэсэн юм.
У.Цэцэгсүрэн