Монголын даамын холбооноос энэ сард болох 100 буудалт даамын тэмцээний хуваарийг танилцуулжээ. Юуны өмнө өнөөдрөөс залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг дээрх холбооноос зохион байгуулж эхлэх нь. 19 болон түүнээс доош насны тамирчид өрсөлдөх тус тэмцээн маргааш дуусах аж. Дараа нь өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий сорилго тэмцээнийг Монголын даамын холбооноос энэ сарын 3-5-нд зохион байгуулах юм байна. УАШТ-ий эхний 10 байрт шалгарсан тамирчид үүнд өрсөлдөхөөрөө онцлогтой. Тэгвэл 6-8-нд Орхон аймагт Ч.Хишгээ агсны нэрэмжит “Эрдэнэт опен” тэмцээн болох гэнэ. Үүнд бүх насныхан оролцох боломжтой. Мөн Нийслэлийн даамын холбооноос сонирхогчдын лигийн тэмцээнийг энэ сарын 24-нд зохион байгуулахаар товлосон байна.
Манай даамчид энэ сард олон улсын нэг тэмцээнд өрсөлдөнө. Энэ нь БНХАУ-ын Шинтай хотод 13-18-нд үргэлжлэх “Xintai open-2024” буюу “Дэлхийн цом”-ын тэмцээн юм байна. Дэлхийн даамын холбооноос зохион байгуулах уг тэмцээнд 14 хүртэлх насныхан өрсөлдөх аж.