Зуны олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсын хоёр тамирчин уржигдар дагах барилдаанд хүч үзсэн. Тухайлбал, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн өрсөлдлөө. Тэрбээр эхний хэсэгт Косовогийн бөх Нора Гяховатай таарч, торгуулиар ялалт байгуулсан. Дараагийн шатанд ХБНГУ-ын тамирчин Паулина Штаркег ялсан юм. Гэвч дараагийн шатанд БНСУ-ын тамирчин Хө Мимид дийлдэв. Улмаар дагах барилдаанд Гүржийн тамирчин Липартелиани Этерид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Липартелиани Этери нь өдгөө 24 настай бөгөөд “Их дуулга”-ын алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм. Үүнээс гадна эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр өрсөлдсөн. Тэрбээр Швейцар улсын бөх, дэлхийн аварга Нилс Штампыг нэмэлт цагт ялснаар шилдэг 16-д шалгараад байсан юм. Харин дараагийн шатанд Испанийн тамирчин Салвадор Касес Росаг ялж, шилдэг наймд багтсан. Гэвч дараагийн шатанд Молдавын тамирчинд дийлдэв. Ингээд дагах барилдаанд Япон Улсын тамирчин, дэлхийн аварга Сойчи Хашимотод ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Ингэснээр манай тамирчид хоёул долоодугаар байрт шалгарлаа. Эдгээр жинд манай улсын тамирчид өмнө нь 2016 оны Риогийн олимпоос Д.Сумъяа мөнгө, 2012 оны Лондоны олимпоос С.Ням-Очир хүрэл, 2020 оны Токиогийн олимпоос Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж байжээ.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд манай улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир өчигдөр өрсөлдлөө. Тэрбээр 50 секунд 81 дольд зайгаа дуусгаснаар тавьдугаар байрт орлоо. Ингэснээр тэрбээр өөрийн эзэмшиж байсан, улсынхаа дээд амжилтыг ахиулав.
Энэ удаагийн зуны олимпын наадамд Монгол Улсаас 33 тамирчин өрсөлдөж буй бөгөөд олимпын эрх авсан тоогоор Ази тивийн 25 орноос 11 дүгээр байрт бичигджээ. Жагсаалтыг Япон Улсын баг 403 тамирчнаа олимпын наадамд оролцуулснаар тэргүүлж буй аж. Түүнчлэн манай улсын тамирчин Б.Баасанхүү жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр медалийн чанараар манай улс 20 дугаар байрт бичигдэж байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн