Тайландын Пукет аралд энэ сарын 21-27-нд зохион байгуулсан “Blue chevaliers international open-Phuket” олон улсын шатрын нээлттэй тэмцээнд Монголын зургаан тамирчин дасгалжуулагч Г.Мөнхгалын удирдлагад оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн шатрын холбооны мастер Б.Амин-Эрдэнэ таван хожиж, тус бүр хоёр тэнцэн, хожигдсоноор зургаан оноотой түрүүлж, аваргын цом гардав. Тэгвэл эрэгтэйчүүдээс Г.Мөнхгал долоон оноотой тэмцээнээ өндөрлүүлж, шагналт IV байр эзэлжээ.
Шатартай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Швейцар улсын Биль хотод болсон 57 дахь удаагийн Олон улсын шатрын фестивальд үндэсний шигшээ багийнхан оролцсон. Энэ удаа эрэгтэйчүүдээс олон улсын мастер С.Ган-Эрдэнэ есөн өрөг тоглож, долоон оноогоор шилдэг 10-т шалгаран, олон улсын их мастер цолны болзол биелүүллээ.