“Парис-2024” олимпын наадамд тамирчид 329 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Эдгээрээс зарим төрөлд аваргалах баг тамирчдын нэрс нэгэнт тодорхой болсон гэж хэлж болохоор байна. Ингээд алтан медаль авах 99 хувийн боломжтой гэгдэж буй баг тамирчдыг танилцуулъя.
АВСТРАЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН БАГ (4х100 метрийн буухиа)
Өмнөх ДАШТ-д Австралийн баг түрүүлж чадаагүй ч тухайн үед өөр бүрэлдэхүүнтэй оролцсон. Харин энэ удаад дэлхийн аварга БНХАУ-ын багт австрали бүсгүйчүүдийг ялах боломж байхгүй гэж бооцооны фирмүүд үзжээ.
АРМАН ДЮПЛАНТИС (тулгууртай харайлт)
Дэлхийн дээд амжилтын эзэн маань сүүлийн жилүүдэд болсон бүхий л том тэмцээнд завсаргүй түрүүлээд байна. Парист тэрбээр амжилтын буухиагаа үргэлжлүүлэх нь гарцаагүй.
АНУ-ЫН САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ
Америк бүсгүйчүүд 1996 оноос хойш энэ төрөлд алтаас өөр медаль хүртээгүй төдийгүй финалын тоглолтод илт давуу ялсаар ирсэн.
ЛИ ВЭНЬВЭНЬ (хүндийг өргөлт, -81 кг)
БНХАУ-ын шигшээ баг энэ төрөлд 2000 оны олимпоос хойш ноёлж буй. үсгүйчүүд нь энэ жинд 2012 оноос хойш дан алтан медаль хүртжээ. Ли бол дэлхийн аварга цолыг эзэмшиж буй тамирчин юм.
БНХАУ-ЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГ
“Сөүл-1988” олимпоос эхэлж ширээний теннисний спорт олимпын наадмын хөтөлбөрт багтсан. Түүнээс хойш БНХАУ-ын тамирчид боломжит 37 алтан медалийн 32-ыг нь хүртжээ. Эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд урд хөршийн бүсгүйчүүдийг зогсоох баг сүүлийн дөрвөн олимпод гараагүй юм.
К.ЛЕДЕЦКИ (1500 метрийн чөлөөт сэлэлт)
Олимпын долоон удаагийн аварга америк бүсгүй энэ зайд дархлагдсан. Мөн 800 метрийн финалд аваргалах өндөр магадлалтай.
ЮИ СҮСАКИ (чөлөөт бөхийн 50 кг)
Дэлхийн дөрвөн удаагийн болон Токиогийн олимпын аварга япон бүсгүй ялагдал гээчийг бараг л мэдэхгүй. Парист ч түүний ялалтын цуврал үргэлжлэх асар өндөр магадлалтай.
Бэлтгэсэн Н.Энх