Нэр, бүтцийг нь өөрчлөөд буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томилжээ. Тэрбээр 2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд ойлголцож, хамтарч ажиллаж чадаагүй гэдэг шалтгаанаар, салбарын сайдынх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр үүнийг хууль бус шийдвэр хэмээн гомдол, нэхэмжлэл гаргасныг хууль хяналтын байгууллага шалгаад, түүний талд шийдвэрлэсэн тухай цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Э.Баттулгыг хуучин албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргажээ. Тэрбээр эл албан тушаалд томилогдохоосоо өмнө УИХ-ын Тамгын газрын дэд дарга, нийслэлийн Байгаль орчны болон Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан юм.
Бэлтгэсэн Н.Мишээл