Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно. Зуны Олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм. Нээлт Улаанбаатарын цагаар долдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01.30 цагт болно.
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин есөн төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлсэн. Монгол Улс 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд Монголын баг, тамирчид зуны Олимпын наадмаас 30, Паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ.