Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.
Нийт нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.