Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далай нуурын ойр орчимд олон тооны цахлай, анхидал ангир үхсэн тохиолдол хоёр дахиа давтагдлаа. Тодруулбал, зургаан жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард тус нуурын ойролцоо ангир, цахлай олноороо үхсэн байсныг орон нутагт аялал зугаалгаар явж буй иргэд нийгмийн сүлжээнд баримттай мэдээлж, эл асуудлыг олон нийтийн анхааралд оруулж байв. Говь-Алтай аймгийн холбогдох байгууллагынхан тухайн үед зургаахан км газарт 500 гаруй сэг зэм бүртгэж, үхсэн шувуудаас авсан дээжээ шинжлүүлэхээр лаборатори луу илгээснээ хэлсэн ч жигүүртнүүд чухам юунаас болж олноороо хорогдсон, үүний ул мөрөөр ямар ажлууд хийснээ мэдээлэлгүй таг чиг болцгоосон юм. Тэгвэл яг одоо Сангийн далайд ийм нөхцөл байдал дахин үүсээд буйг иргэд мэдээлж байна. Усны шувууд, тэр дундаа анхидал ангир, цахлайн сэг зэм нуурын эргэн тойронд хаа сайгүй байгааг хэллээ.
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газрынхнаас үүнийг тодруулахад “Манайд энэ талаар мэдээлэл бүртгэгдээгүй” гэв. Хөхморьт сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч Н.Нүрзэд ч тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлсэн. “Холбогдох хүмүүсээс лавлаад, хариу өгье” гээд утсаа таслав.
Нэгэн судлаач Сангийн далайд болсон хэрэг явдалтай холбогдуулан “Өмнө нь яг ийм байдлаар олон шувуу үхсэн. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтнүүд хамтраад эргийн дагуух үхсэн, өвчилсөн бүх шувууг бүртгэж, амьд 50, хорогдсон 25 бодгалиас дээж цуглуулан, шинжилгээнд илгээсэн. Лабораторийн шинжилгээгээр шувууд хор ялгаруулдаг нянгийн халдвар болох ботулизм өвчнөөр үхсэн нь тогтоогдсон юм. Энэ удаа ч ботулизмаар өвчилсөн байж мэднэ, өөр шалтгаантай байхыг ч үгүйсгэхгүй. Шувууд халдварт өвчнөөр үхсэн байж болзошгүй тул иргэд хамаагүй хүрч, ойртож болохгүй, эрсдэл ихтэй” гэв.
Бэлтгэсэн Н.Мишээл