“Парис-2024” олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар долоодугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01.30 цагт эхэлж, гурван цаг үргэлжилнэ. Энэ үеэр Сена мөрний дагуу завьт парад хийхээр болсон нь Францад хөл тавьсан үзэгчдийг догдлуулж буй гэнэ. Тамирчид цэнгэлдэхийн замыг тойрч алхахын оронд Францын Сена мөрнөөр завьтай хөвөн явахаараа онцлог юм байна. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох нь. 600 мянга гаруй үзэгч хамруулах тооцоо гаргажээ.
Нээлтийн ёслолыг үзэнгээ Парис хотын түүхэн дурсгалт газруудтай танилцах боломжийг зохион байгуулагчид үзэгчдэд олгож буй. Улс тус бүрийн тамирчдыг суулгасан завьт парад Аустерлицийн гүүрнээс аяллаа эхэлж, Сена мөрний эрэг дагуу зургаан км зам туулах юм. Энэ хооронд Нотр Дамын сүм, Луврын музей, Наполеоны бунхан байрлах “Les Invalides” цогцолбор, “Grand Palais” музейн цогцолбор зэрэг Парисын түүхэн дурсгалт газраар дайран өнгөрөх аж. Эцэст нь завьт парад Эйфелийн цамхгийн эсрэг талын замд хүрэлцэн ирсний дараа олимпын бамбарыг асааж, “Парис-2024” эхэлснийг албан ёсоор зарлана.
206 орны 10 500 гаруй тамирчин нээлтийн ёслолд оролцох юм. Францын театрын найруулагч Томас Жолли нээлтийн ёслолын уран сайхны удирдаачаар ажиллаж буй.
Сонирхуулахад, баг тамирчдаа олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохыг үзэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад хүрэлцэн очих аж.