Олон Улсын Олимпын Хорооны 142-р чуулган Парис хотноо эхэллээ. Чуулганы нээлтэд зуны олимпын наадмыг хүлээн авч буй Франц улсын ерөнхийлөгч Э.Макрон хүрэлцэн ирж, олимпын их гэр бүлийн төлөөлөлд баяр хүргэж, амжилт хүсэв. ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах “Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадмыг хүлээн авахад бэлэн болсон Парис хот, Францын ард түмэнд талархал илэрхийлж, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн шударга, хамгийн сэтгэл хөдөлгөсөн наадам болно гэдэгт итгэлтэй байгаа” сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ удаагийн чуулганаар шийдсэн хамгийн онцлох үйл явдал нь 2030 болон 2034 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах орныг баталгаажуулсан нь байв. Зохион байгуулагч хотыг сонгох комиссын санал болгосны дагуу 2030 оны өвлийн олимпын наадмыг Франц улсын Алпийн нурууны орчмын хотууд хамтран, 2034 оны өвлийн олимпын наадмыг АНУ-ын Солт Лэйк Сити хот тус тус хүлээн авахаар боллоо.
Солт Лэйкийн хувьд 2002 онд Өвлийн олимпын наадмыг хүлээн авч байсан бол Францын Алпийн нурууны орчимд Шамони хот анхны олимпыг 1924 онд, Гренбобл хот 1968 онд, Албервилл хот 1992 онд тус тус олимпын наадам зохион байгуулагдаж байсан юм.
Үүнээс гадна энэ удаагийн наадмаар ОУОХ-ны гишүүд анхны Цахим спортын олимпын наадмыг “Olympic Esports Games” нэрийн дор зохион байгуулах шийдвэр гаргалаа. 2025 оны анхны наадмыг Саудын Араб улс хүлээн авах болно. Энэ нь дижитал технологийн эрин үед хүүхэд, залуусын дунд хамгийн хурдацтай хөгжиж буй цахим спортыг олимпын хөдөлгөөн хүлээн зөвшөөрч, нэг хэсгээ болгож байгаа чухал ач холбогдолтой шийдвэр билээ.
Тэрчлэн энэ удаагийн хурлаар Олимпын хартын 5 заалтад найруулгын болон утгын засвар оруулж, нийт 8 шинэ гишүүнийг батламжлан, 15 гишүүний бүрэн эрхийг сунгажээ. Мөн дараагийн олимпын наадмыг зохион байгуулах Милан-Кортина 2026, Лос Анжелес 2028, Брисбэйн 2032-ийн бэлтгэл ажлын танилцуулга мэдээллийг сонслоо.