Дунд голын бургасыг зөөж, лаг шаврыг нь цэвэрлэх ажлыг өнгөрсөн сарын сүүлчээр эхлүүлсэн. Ингэхдээ голын экосистемийг алдагдуулахгүй гэж холбогдох албаныхан хэлж байв. Харамсалтай нь, Дунд голын бургасыг сугалж хаяснаар ус нь бохирдож, усны шувууд дайжиж, ямар ч урсацгүй, шалбааг болжээ. Үерээс хамгаалах нэрээр голын бургасыг тайрч, лаг шавар болгосонд иргэд ихээхэн бухимдаж, цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Төр, хувийн хэвшлийн 22 аж ахуйн нэгж, байгууллагынхан голын 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэсэн гэнэ. Ингэхдээ зураг төсөлгүйгээр, мод, бургасны үндсийг гэмтээж, экскаватороор хядаж хаясанд ойр орчмынх нь оршин суугчид сэтгэл гонсойж буйгаа илэрхийлэв. Харин албаныхан голын бургаснууд лаг хагшаасны үүр болсон учраас сугалж хаяхаас өөр аргагүй гэх тайлбар өгч буй. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр “Сэлбэ, Дунд голд олон нийт санаа зовж буй нь сайшаалтай. Нийслэлээс өгсөн мэдээллээр Дунд голын урсцыг сайжруулах ажлыг хоёр үе шаттай хийх юм билээ. Ирэх сарын 20 гэхэд 10 метр өргөн, найман метрийн гүнтэй ус далангийн хэмжээнд урсах ёстой. Баяр наадмын өдрүүдэд ажил хийсэнгүй. Иргэд үүнийг хянах нь зөв. 1980-аад оноос эхлээд 40 гаруй жилийн хугацаанд Сэлбэ, Дунд гол ширгэх аюултай, “үхлийн ирмэг”-т ирсэн. Туул, Сэлбэ, Дунд голын гүүрний доогуур урсаж буй хэсгээс дээж авч шинжилж үзэхэд гэдэсний савханцар илэрсэн. Нян бактери нь лаг шавар, хог хаягдалд үржиж байна. Үерийн усаар зөөвөрлөгдсөн лаг шаврыг цэвэрлэж байж гол урсана” гэв.
Харин иргэд голын бургасыг хядахгүйгээр хамгаалалтын бүсэд барьсан барилгуудыг буулгах ёстой гэж үзэж буй юм. Тухайлбал, “Авлига хороолол”, “Алтай” хотхон, “Их наяд” худалдааны төвийг буулгаагүй атлаа голыг “ухсан”-д харамсаж буйгаа илэрхийлэх хүн цөөнгүй байна. Ташрамд дуулгахад, 10 мянга орчим бургасыг авч, багадаа 100 мянган бургас тарих ёстой гэж албаныхан үзэж байна. Дунд гол “амьдрах”, эсэхийг хүлээх л үлдсэн бололтой.